Эрүүл мэндийн салбарын шинэчлэл амжилттай хэрэгжиж эхэллээ
- 2014-01-10
- Эрүүл мэнд
- 0
1. Эрүүл мэндийн статистик үзүүлэлт сайжирч, хүн ам огцом өссөн жил байлаа.
• Монгол улсын эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд 2013 онд Эх, нярайн эндэгдэл, Халдварт өвчнийг /Бэлгийн замын халдварт өвчнөөс бусад/ бууруулж чадлаа. Эхийн эндэгдэл 2012 онд 100,000 төрөлтөд 48.1 промил байсан бол 2013 онд 42,2 промил болж 5,9 промилоор буурлаа. Нялхсын эндэгдэл 2012 онд 1000 амьд төрсөн хүүхдэд 15 промил байсан бол 2013 онд 14,1 промил болж Мянганы хөгжлийн зорилтод хүрлээ. Хүн амын нас баралт багасч, төрөлт нэмэгдсэнээс сүүлийн 20 гаруй жилд анх удаа хүн ам огцом өсөлттэй гарсан сайхан жил боллоо.
• Амбулатороор болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсэн нь нэг талаас иргэд эрүүл мэнддээ илүү анхаарч байгаа, нөгөө талаас тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, чанар сайжирч, хүлээгдэл, чирэгдэл багасч байгааг харуулж байна. Тухайлбал шинээр бүртгэгдсэн халдварт бус өвчний тохиолдол 18.5 хувиар нэмэгджээ.
2. Эрүүл мэндийн салбарын өр 2013 онд 10-13 дахин багасав.
• Сүүлийн 5 жилд анх удаа эрүүл мэндийн салбарын өр урьд жилүүдийнхээс 10-13 дахин багаслаа. Энэ нь 2013 оныг “Хариуцлага хяналтын жил” болгон зарлаж, төсвийн зарцуулалтанд хяналт тавьж, хуваарилалтыг зөв, бодитойгоор хийсний үр дүн юм.
3. Иргэдээс ирэх гомдол буурч, талархал, санал нэмэгдэж байна.
• Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн талаарх гомдол багасч, санал , талархал нэмэгдлээ.
• Иргэдээс ирсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлт 99.9 хувьтай төдийгүй ЭМЯ иргэдийн санал, хүсэлтийг хамгийн шуурхай барагдуулдаг 3 яамны нэг, статистик дүн мэдээгээ хамгийн шуурхай өгдөг яам болжээ.
4. Эрүүл мэндийн эрх зүйн зохицуулалт, бодлогын хүрээнд томоохон шинэчлэл хийх хуулийн төслүүдийг боловсрууллаа.
• Эрүүл мэндийн салбарын ажилтны мэргэжлийн болон хариуцлагын алдаа, доголдол, ёс зүйн зөрчлийг зохицуулахаар “Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгал”-ын тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн боллоо.
• Эмийн аюулгүй байдал, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, зүү, тариур, дуслын систем, дуслын шингэнийг эх орондоо үйлдвэрлэх зэргийг тусгасан “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын төслийг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн боллоо.
• Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах асуудлыг хуульчилж, иргэд үйлчлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн тухай “хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.
5. Анх удаа баримт нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын үнэлгээний судалгааг хийлээ.
• Судалгааны дагуу Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилтоо тогтоож, эрүүл мэндийн байгууллагыг стандартын удирдлагаар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, эмч ажилтны ёс зүй, харилцаа хандлага, мэргэжлийн алдаа, доголдолыг бууруулах, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх, оношилгоо, эмчилгээний ажилбарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг удирдах гэсэн 5 чиглэлээр чанарын шинэчлэлийн арга хэмжээнүүдийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна.
6. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодит өртөг тооцох үндэсний судалгааг хийж, эрүүл мэндийн салбарын бодит санхүүжилт, эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн бодит үнэлэмжийг тогтоов.
• Судалгаагаар одоогийн санхүүжиж байгаа тусламж, үйлчилгээний тариф нь бодит өртөгөөс дундажаар 15-60 хувиар доогуур байгааг тогтоож, эмч, мэргэжилтний хөдөлмөрийн бодит үнэлэмжийг тодорхойлж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бодит өртөгт тулгуурлан санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.
• Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд Албан бус төлбөрийг бууруулах судалгааг хийв. Албан бус төлбөрийг 41 хувиас 25 хувьд хүргэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэллээ.
• Эмнэлгийн орны өнөөгийн байдалд үнэлгээг хийлгэж, эмнэлгийн орны бодит хэрэгцээг тогтоолоо. Хүн амын эрүүл мэндийн өнөөгийн болон цаашдын хэрэгцээнд тулгуурлан орны тоог тогтоох аргачлалыг боловсруулах, шаардлагатай байгаа орны тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.
7. Салбарын хэмжээнд 2013 онд хариуцлага, хяналтын тогтолцоог бүрдүүлж чадлаа.
• Эрүүл мэндийн салбарын хариуцлага, хяналтыг сайжруулах эрх зүйн орчинг бүрдүүлж, эрүүл мэндийн ажиллагсдын хариуцлагыг дээшлүүлж, хяналтын тогтолцоог сайжруулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарт ахиц гаргах зорилгын хүрээнд “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны болоод эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагын зөвлөгөөнүүдийг зохион байгуулж, эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн алдаа, доголдол, ёс зүйн зөрчлийг бүртгэж, мэдээлдэг тогтолцоо бүрдэж, мэргэжлийн алдаа доголдол, ёс зүйн зөрчлийг бууруулах арга хэмжээг авч эхэллээ.
• Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүлээгдэлийг эрүүл мэндийн статистик мэдээлэлд оруулж, байгууллага бүр хүлээгдлийг хянаж, бууруулахад онцгой анхаарч ажилладаг боллоо.
8. Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлого шийдвэрт эмч, мэргэжилтэн , иргэдийн оролцоог нэмэгдүүлэх эхний алхамуудыг амжилттай хийлээ.
• Эрүүл мэндийн сайдын санаачлагаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар” болгож, улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллага бүр ажилтнуудынхаа нийгмийн асуудлаар хэлэлцүүлэг явуулж, гаргасан тодорхой саналуудыг хэрэгжүүлж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчлгээний чанар , аюулгүй байдлыг сайжруулъя”, “Халдварын сэргийлэлт, хяналт“, “Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээ“ зэрэг зөвлөгөөнийг үндэсний хэмжээнд явуулж, гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлж байна.
• Эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн “Сувилагчдын 3 дугаар чуулган“, “Лабораторийн эмч нарын зөвлөгөөн“, “Уламжлалт анагаах ухааны бодлогын хэрэгжилт, цаашдын зорилт“ зэрэг томоохон зөвлөгөөнүүдийг хийлээ. Эрүүл мэндийн төвийн хөгжил, шинэчлэлийг хийх зорилгоор “Сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн хөгжил, тусламж үйлчилгээний шинэчлэл“ улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, үйл ажиллагааны стратегийн баримт бичгийг хэлэлцэн батлав.
• Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн”-өөр эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх, Мянганы Хөгжлийн Зорилтод хүрсэн амжилтаа бататган ажиллах, 2014 оныг “Эх, нялхсын эрүүл мэндийг дэмжих жил” болгох зэрэг зөвлөмжүүдийг гарган хэрэгжүүлж эхэллээ.
9. Эрүүл мэндийн салбарт анх удаа 4 сарын хугацаанд эмнэлгийн барилгыг барьж ашиглалтанд оруулав.
2013 онд нийт 47 барилга угсралтын ажил эхэлсэнээс 17 барилга ашиглалтад орлоо. Шинээр 9 барилга эхэлсний нэг нь ашиглалтад орж үлдсэн нь он дамжин баригдаж байна. Архангай аймгийн Тариат суманд 20 ортой эмнэлгийн барилгыг “ Хатиган болор” ХХК нь гэрээнд заагдсаны дагуу 2013 оны 8-12-р сарын хугацаанд барьж, ашиглалтад орууллаа.

10. Оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ.
• “Удам зүйн лаборатори” - ийг байгуулж, ургийн гажгийг генийн түвшинд эрт оношлох боломж бүрдлээ. “Телемедициний үндэсний сүлжээ”-нд 21 аймаг холбогдсоноор аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа өвчтөн орон нутагтаа алсын зайнаас оношилгоо, эмчилгээний зөвлөгөө авах, мөн эрүүл мэндийн ажилтнууд ажлын байрандаа зайны сургалтанд хамрагдах, мэргэжлийн шалгалтаа онлайнаар өгөх, хурал зөвлөгөөнийг үндэсний хэмжээнд шуурхай хийх бүрэн бололцоотой боллоо.

• П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг тархины харвалт, зүрхний шигдээсийн дараах эрчимт эмчилгээний төвтэй болсноор зүрхний шигдээс, цус харвалттай өвчтөнд эрчимт эмчилгээ, нөхөн сэргээх цогц тусламжийг цаг алдалгүй үзүүлж байна.
• Гемодиализийн тусламжийн хүртээмж сайжруулахаар Гемодиализийн тасгийг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Орхон, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд шинээр байгуулсан нь үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлж, хүлээгдлийг багасгах ач холбогдолтой боллоо.
• Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь шинэчилсэнээр тусламжийн чанарыг сайжруулах нөхцөл бүрдлээ.
• Элэг болон Үүдэл эс шилжүүлэн суулгах лабораторийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт байгуулж, эрхтэн шилжүүлэн суулгахад шаардлагатай шинжилгээг эх орондоо хийж эхэллээ.
• Нийт 11 аймагт Оношилгооны төв байгуулж эхэллээ. Орон нутагт 3 дахь шатлалын эмчилгээ үйлчилгээг үзүүлэх зорилгоор 11 аймгийн төвд 16 зүслэг бүхий хүчин чадалтай компьютер томографийн аппарат, дижитал рентген аппарат, лабораторийн тоног төхөөрөмжүүд, дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүд, чих хамар хоолой, эрүү нүүр, шүдний оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж эхлээд байна.

• Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Энэрэл” эмнэлгийг оношилгооны тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагаа явагдаж байна.
11. Эрүүл мэндийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн шинэчлэл эхэллээ.
• Эрүүл мэндийн сайдын санаачлагаар жил бүрийн гуравдугаар сарыг “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих сар ”, есдүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”, аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”, арваннэгдүгээр сарыг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн дэмжих сар” болгон зарлаж, тэдэнд зориулсан тодорхой үйл ажиллагааг явуулж, үр дүнд хүрэн ажиллаж байна. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Эрүүл мэнд-Иргэн таны оролцоо” үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулж, эрүүл амьдрахад иргэдийн өөрсдийн идэвхи, санаачилгыг өрнүүлэхэд урам, дэмжлэг өглөө.
• Иргэдийг эрүүл амьдралын зөв дадал хэвшилд уриалж, “Хөдөлгөөн –Эрүүл мэнд“,“Эрүүл амьдарлын 5 алхам“ өдөрлөгийг зохион байгууллаа. 30-60 насны хүн амын 46 хувьд нь чихрийн шижин өвчний, 32 хувьд нь эмэгтэйчүүдийн хавдрын, 54 хувьд нь цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээг өрх, сумын эмнэлэгт хийж, эрүүлжүүлэх арга хэмжээг авч байна.
12. Судалгаанд суурилсан олон бодлого, журмыг боловсрууллаа.
• Сэтгэцийн эрүүл мэндийн байдал, эрсдэлт хүчин зүйл, зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тандалт, “Архины хяналтын бодлогын үр нөлөө” үндэсний судалгаа хийж, 2014 онд хийгдэх “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийн шинэчлэл, Хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн дэд хөтөлбөр “ийг боловсруулахад хэрэглэх баримт, нотолгоотой болж байна.
• Эрүүл мэндийн ажилтны цалин, урамшуулал, ажлын ачаалалыг судлах судалгааг хийснээр эрүүл мэндийн ажилтны ажлын ачаалалын стандарт хэмжээг шинэчлэн боловсруулах, тэдний цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, хууль эрхзүйн орчныг шинэчлэх талаархи бодлогын баримт нотолгоог гарган авлаа.
• Сүрьеэгийн тархалтын үндэсний судалгаа хийгдсэний үр дүнд сүрьеэгийн чиглэлээр хийсэн бусад судалгаа хөтөлбөрийн дүн, мэдээтэй хослуулах сүрьеэ өвчний дарамт (өвчлөл, тархалт, нас баралт)-ын тооцооллын аргыг шинэчлэх ажлууд хийгдлээ.
13. Эрүүл мэндийн чиглэлийн ажилд олон нийтийн оролцоо эрс нэмэгдлээ.
• Ерөнхий сайдын санаачлагаар байгуулагдсан “Эрүүл идэвхитэй амьдралын клуб“ ТББ нь өсвөр залуу үеийг архи, тамхины хамааралд өртүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх, амьдралын зөв хэвшилд сургах, архины хор хөнөөлийг нийгэм, хамт олонд сурталчлах, баяр ёслолыг согтууруулах ундаагүй тэмдэглэх хэвшилд сургах, эрүүл мэндээ хамгаалах олон талт сургалт сурталчилгааг зохион байгуулах зорилготой “Залуус - 21” алкохолгүй диско төвийг нээлээ.
• Архинаас гарсан иргэдийг нийгэмшүүлэх, эрүүлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, архинаас гаргах чиглэлээр ТББ-уудын оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллаж байна. Тухайлбал: “Зөв амьдрах ухаан“ ТББ нь шоронгоос суллагдсан, орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй, (хараагүй, гар хөл нь тайранхай, сэтгэцийн өвчтэй) эмзэг бүлгийн 112 иргэнийг өөрсдийн байранд байлгаж, нийгэмшүүлэх үйл ажиллагааг явууллаа. Түүнчлэн оюутан залууст архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, архины хор хөнөөлийг сурталчлах сургалтыг нийт 5,000 оюутан, залуусд “Амжилтын гүүр – Оч” ТББ зохион байгуулсан байна.
• Мөн хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах чиглэлээр ТББ-ууд тай хамтран ажиллав. Эрүүл мэндийн бодлогын шинэчлэлийн хүрээнд “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, тамхи татахыг хориглосон олон нийтийн газрын хүрээг өргөжүүлсэн нь иргэдийг дам тамхидалтын хор уршгаас хамгаалах, хүүхэд, залуучуудын дунд тамхины хэрэглээг бууруулах ач холбогдолтой.
14. Гадаад харилцаа, хүний нөөцийн бодлогод өгөөжтэй жил байлаа.
• Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар ДЭМБ-ын Ерөнхий захирал ДР Маргарет Чан Монгол Улсад анхны албан ёсны айлчлал хийв /2013.08.11-08.14/. Тэрээр Монголын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцан “Монгол Улсын Эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ” номын нээлтэд оролцож, Монгол улсын эрүүл мэндийн салбарын бодлого зөв явж байгааг онцлов.

• Эмч нараа гадаад оронд сургаж мэдлэг, чадварыг нь дээшлүүлж байна. Сөүл төслийн хүрээнд Монгол улсад оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжгүй өвчний жагсаалтад орсон тархи, мэдрэл, хорт хавдар, гэмтэл, эх барих, хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр УГТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ-ийн нийт 31 эмчийг 2013 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн 6 сарын хугацаатайгаар БНСУ-ын эмнэлгүүдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэл зүйн сургалтад хамруулж байна.

• ХБНГУ-ын Холбооны ЭМЯ-ны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Улрике Флах тэргүүтэй төлөөлөгчид Монгол оронд 2013 оны 6 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд айлчлав. Тус айлчлал нь Монгол Улс, ХБНГУ-ын хооронд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ.
15. Иргэдэд тааламжтай “төгс” үйлчилгээг нэвтрүүлэх ажил эхэллээ.
• Эрүүл мэндийн салбарт “Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээ” - г нэвтрүүлж эхэллээ. Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг үндэсний хэмжээний эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэх сайдын тушаал гарч хэрэгжиж эхэллээ. Арьсны өвчин судлалын үндэсний төв /АӨСҮТ/ сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг иж бүрнээр нь нэвтрүүлж бусад байгууллагууддаа сургалт, үзүүлэх
• сургууль явууллаа. Энэ төвд сэтгэлд нийцсэн угтах, эргэх үйлчилгээг нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг онлайнаар авч, эмнэлгийн орчин, эрүүл ахуйг сайжруулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлжээ. АӨСҮТ нь олон улсын чанарын стандарт хангасан байгууллага болж гэрчилгээгээ авч баталгаажлаа.
16. Тусламж, үйлчилгээнийхээ стандарт, чанарыг ахиулав.
• Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж байгаа 613 стандартад Стандарт хэмжил зүйн газраас гаргасан маягтын дагуу үзлэгийг зохион байгууллаа. 2013 онд 3 стандартыг шинэчлэн батлуулж, хоёрыг шинээр, эрүүл мэндийн технологийн нийт 5 стандартыг батлуулан мөрдөж байна.
Шинэчилж сайжруулсан 3 стандарт:
1. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт
2. Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт
3. Сувиллын бүтэц, үйл ажиллагааны стандарт
Шинээр боловсруулж, батлуулсан стандартууд:
1. Эрүүл мэндийн байгууллагын орчны стандарт
2. Биологийн идэвхит бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагад тавигдах шаардлага
Эрүүл мэндийн технологийн шинээр гаргасан стандартууд:
1. Ангиографийн оношилгоо
2. Элэгний хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээ
3. Ариутгасан материалын чанарыг шалгах нян судлалын шинжилгээний арга
4. Эд юмс, орчны гадаргуугаас арчдас авч, шинжилгээ хийх арга
5. Ариутгаж халдваргүйтгэсэн хуучин хувцас, бусад эд юмсд хөгц, мөөгөнцөр илрүүлэх шинжилгээний арга
17. Тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулав.
1. Дүүрэгт ажиллах гэмтлийн эмч нарыг сургаж, 6 дүүрэгт гэмтлийн тусламж үзүүлэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангав.
2. Аймаг бүрт хөнгөвлөх эмчилгээний эмч нарыг бэлдэж, хөнгөвчлөх эмчилгээний 2 орыг ажиллуулахаар болов.
3. Хавдартай өвчний хими эмчилгээг орон нутагт нь хийх бэлтгэл ажлыг хангах хүрээнд эмч нарыг бэлдэж, шаардагдах тоног төхөөрөмжөөр аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг хангаж эхэллээ.
4. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд байдаг өвчтнүүдийг дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмчийн хяналтанд шилжүүлэв.
5. Нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж, энэ үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор дүүргийн эрүүл мэндийн байгууллага бүр түргэн тусламжийн үйлчилгээг явуулах шийдвэр гаргалаа.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Сэтгэгдэл (3)
(103.26.193.28)
eruul mendiin baiguullaga hogjihguigeer ard tumen hen ym be? amid mend amidarch chadah uu?
(103.26.194.117)
sain saihan medeen deer humuus yahaaraa comment bichdeggui bnaa. muu medeen deer bol buur boognorchino geech.
Ganaa (211.234.220.243)
Manai emch nar chadaltai shyy emch emnelgiin ajiltan ta buhendee az jargal amjilt hysei?!