Сочигийн олимпийн үеэр халдлага гарч болзошгүйг Америкийн төрийн департаментаас санууллаа

Америкийн Төрийн департаментаас Сочигийн олимпийн үеэр террорист халдлага гарч магадгүй хэмээн эмээж буйгаа иргэддээ хэлж анхаарал болгоомжтой байхыг сануулжээ. Хэдийгээр Америкийн талаас террорист халдлага болно гэдгийг бүрэн нотолж чадахгүй ч Сочигоос 600 километрийн зайд орших Волгоград хотод өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр гурван удаа алан хядах үйл ажиллагаа болж олон хүн амь насаа алдсан нь Төрийн департаментаас сануулга гаргахад хүргэжээ. Аялалын сануулгад ирэх сарын 7-ноос ирэх гуравдугаар сарын 14-ний өдрийг хүртэл хувийн аюулгүй байдлаа сайтар хангаж, дээрмийн хэргээс болгоомжлохыг анхааруулсан байна. Түүнээс гадна иргэддээ зочид буудлын захиалгаа эрт өгч элдэв эрсдлээс хамгаалахыг ч давхар сануулжээ. Оросын талаас аюулгүй байдлын арга хэмжээг хангалттай авна гэдгээ хэлсэн. Гэвч Америкийн Төрийн департамент үүнд бүрэн итгэхгүй байгаа бололтой хэмээн оросын хэвлэлүүд бичиж байна. Учир нь Төрийн департаментаас гаргасан санамжид “Олимпийн тэмцээн шиг олон нийтийг хамарсан арга хэмжээ террористуудыг татдаг гол бай нь байдаг” гэж бичсэн байна. Үүнийг америкийн талаас иргэдийнхээ аюулгүй анхаарал хандуулж байгаагийн илрэл болохоос олон нийтийг айдас түгшүүрт автуулах гэсэн хэрэг биш хэмээн тайлбарлажээ. Сочигийн олимпийн үеэр улс төрийн тэмцэгчид жагсаал, эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй гэдгийг уг санамжид бичсэн байна. Жижиг дээрэм, танхайн хэрэгт гадны жуулчид өртөх магадлал өндөр учраас Оросын хууль тогтоомжтой сайтар танилцсаны дараа хилийн дээс алхах хэрэгтэйг иргэддээ зөвлөснийг “BBC” агентлаг дамжууллаа. Америкийн цана болон сноубордингийн холбооноос Сочигийн өвлийн олимпийн үеэр аюулгүй байдлаа хамгаалахын тулд “Global rescue” компанитай гэрээ байгуулсныг хэвлэлүүд онцолж байсан. Хэдийгээр гэрээ байгуулснаа олон нийтэд зарлахаас татгалзаж байсан ч Төрийн департаментаас сануулга гаргаснаар Америкчууд аюулгүй байдалдаа сэтгэл чилээж байгаа нь нэгэнт тодорхой боллоо.вхөн Америк гэлтгүй олон улсын төвшинд Сочигийн өвлийн олимпийн аюулгүй байдалд анхаарал татаж байна.

Ц.ОЮУНТУНГАЛАГ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)