Хүний эрхийн байгууллагууд Пакистаныг хүүхдийн эрх зөрчихгүй байхыг шаардлаа

Пакистаны Пунжаб хотод 10 настай охин ажил олгогчдоо зодуулж амиа алдсан нь олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд Пакистаны Хөдөлмөрийн хуульд анхаарал хандуулж, хүүхэдтэй зэрлэгээр харьцах явдлыг таслан зогсоохыг шаардахад хүргэлээ. Учир нь Пакистаны хүн амын талаас доошгүй хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг юм. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг ч тус улсад энгийн үзэгдэл мэтээр хүлээн авдаг байна. Амиа алдсан пакистан охин Ирам Рамзан чинээлэг айлд ажилладаг байж. Түүний хоёр дүү ч ийм ажил хийдэг. Ингэж байж өдрийн хоолоо залгуулдаг байсан гэнэ. Түүний ээжийн хэлж буйгаар гар нь бяцарсан байдалтай байсан аж. Тэрбээр гурван охиноо боломжийн амьдралтай айлд үйлчлэгч хийлгэж амь зуудаг байснаа хүлээсэн байна. Нөхөр нь түүнд сохор зоос ч өгдөггүй болохоор үүнээс өөр арга байгаагүй гэжээ.Тэрбээр чинээлэг айлд охидуудаа ажиллуулах нь гудамжинд амь зуухаас дээр гэж бодсоноо нуулгүй хэлжээ. Гэвч нөхцөл байдал орвонгоороо эргэж охиноо хаана оршуулахаа мэдэхгүй байгаагаа хэвлэлийнхэнд дуулгасан байна. Эмч нар бяцхан охины биед бусдад тамлуулж амиа алдсан шинж тэмдэг байсныг баталжээ. Талийгаачийн бугуй болон хөлийг түлсэн байсан аж. Талийгаач Махмудын гэр бүлд ажилладаг байсан. Махмуд гэгч охиныг төмөр хоолойгоор зодож, түлсэн нь тодорхой болсон байна. Учир хэргийн нотлох баримт түүний гэрээс олдсон аж. Үйлчлэгч охиныг тамлан зовоож байхыг өөрийнх нь 16 настай хүү харж байсан гэнэ. Тэрбээр охины үхлийг гэнэтийн осол байсан хэмээн тайлбарлаж өөрөөс нь гурван ч удаа мөнгө хулгайлсан нь уурыг нь хүргэсэн гэж мэдүүлэгтээ дурджээ. Тус хотын цагдаагийнхан охиныг гэнэтийн үхлээр амиа алдаагүй гэдгийг мэдэгдсэн байна. Ирамыг ажиллуулдаг байсан Махмуд гэгч түүнд сард 23 ам.доллар ажлын хөлсөнд нь өгдөг байж. Энэ хэрэгтэй давхцан 15 настай үйлчлэгч охин эзэндээ хүчиндүүлж амиа алдсан нь олныг цочирдуулж байна. Иймд олон улсын хүний эрхийн байгууллагууд Пакистаныг хүүхдийн хүчирхийллийг зогсоохыг шаардаж эхэллээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)