Сочийн олимп үзэх спорт аялалын багц 3900 ам.доллар

Олимпийн наадмын түүхэнд хамгийн өндөр өртөгтэйд тооцогдож байгаа Сочигийн олимп эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. ОХУ энэхүү наадамд зориулж анх 12 тэрбум ам. доллар төлөвлөж байсан бол одоо үүнээс тав дахин их буюу нийт 51 тэрбум ам.долларын зардал гаргаад байгаа ажээ. Тиймээс энэ удаагийн өвлийн олимпийн наадмын тэмцээнүүдийг үзэж сонирхох нь спортын хорхойтнуудад үнэтэй тусна гэсэн тооцоог ажиглагчид гаргажээ. Өвлийн олимпийн наадмыг зохион байгуулагчид олимпийн 11 төрлийн тэмцээнийг үзэх тасалбарын үнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэлж байсанчлан харьцангуй багаар тогтоосон байна. Тухайлбал хамгийн хямд тасалбарыг албан ёсны борлуулагчид 500 рубль буюу 17 ам.доллараар худалдах бөгөөд нийт тасалбарын 42 хувь нь 3000 рубль буюу 100 ам.долларт хүрэхгүй хямд байгаа ажээ. Харин олимпийн наадмуудын хамгийн үнэтэй үзвэр болох нээлтийн арга хэмжээг 200 орчим ам.доллараар сонирхож болно. Олон улсын Олимпийн хорооны үзэж байгаагаар газар зүйн байршлын хувьд Канад болон ОХУ ийм төрлийн арга хэмжээг зохион байгуулахад хамгийн өндөр өртөг зарцуулдаг гэнэ. Тиймээс Сочигийн олимпийн наадам дотоодын хөгжөөн дэмжигчид илүү оролцсон наадам болох байх гэдгийг зохион байгуулах хорооны дарга Дмитрий Чернышенко онцолж байна. АНУ-ын Вашингтон ДС-ээс Сочи хүртэл онгоцоор нисэхэд 980-4000 ам.доллар байгаа ажээ. Харин монголчууд олимпийн наадмыг үзэхийн тулд зөвхөн замын зардалд дөрвөн сая орчим төгрөгийг тээврийн зардалд төлөхөөр байна. ОХУ-ын иргэд ч замын зардал нэлээд хэмжээний мөнгө зарцуулахаар байгаа юм. Харин Сочитой хамгийн ойр нийслэл хот болох Татарстаны Казаниас нисэхэд хоёр талдаа 460 ам.доллар байна. Энэ нь ОХУ-ын иргэдийн сарын дундаж цалин болох 875 ам. долларын тал нь гэсэн үг ажээ. Сонирхуулахад, Монгол Улсын жуулчны агентлагуудаас Сочигийн Олимпийн наадмыг сонирхох багцыг “Нью Жуулчин турс” компани санал болгож байгаа нь ийм төрлийн цорын ганц үйлчилгээ болж байна. Энэхүү спорт аялалын багц тийзний үнэ оролгүйгээр 3900 ам. долларын үнэтэй бөгөөд үүнд спортын долоон төрлийн уралдаан үзэх долоон өдөр, зургаан шөнийн хөтөлбөр багтаж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)