
АНУ-ын Засаг захиргаанаас Орос, Иран хэдэн тэрбумын бартерийн зөвшилцөл хийж байгаад санаа зовниж байгаагаа мэдэгдлээ. Цагаан ордноос энэ талаар мэдэгдэхдээ, зөвшилцөл нь “Зургаа”-гийн орнууд Тегерантай хийх хэлэлцээний нөхцөлд нөлөөлж магадгүй гэж зовниж байна гэжээ. Орос, Иран улс сард 1.5 тэрбум ам.долларын газрын тосыг бараагаар солилцох бартерийн гэрээ хийж эхэлсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарч эхэлсэн. Харин Иран улс “Зургаа”- гийн орнуудтай хийсэн зөвшилцөлд тохиролцсоноор зөвхөн долоон тэрбум ам.долларыг үе шаттайгаар авах байсан юм. Тиймээс бартерийн зөвшилцөл нь Ираны цөмийн хөтөлбөрт тавьсан олон улсын хоригийг сулруулж болох талтайд Цагаан ордноос санаа зовж байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ асуудлын талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт хандсан байна. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Кейтлин Хейден “Хэрвээ дээрх мэдээлэл үнэн бол уг бартерийн зөвшилцөл нь “Зургаа”-гийн орнуудын Ирантай хийх гэж байгаа гэрээ хэлэлцээний нөхцөлийг зөрчилтэй болгож болохоос гадна АНУ-аас Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж магадгүй” хэмээснийг Ройтерс агентлагт мэдээлжээ. “Зургаа”-гийн орнууд буюу “5+1” бүлгийн орнууд болох Их Британи, Хятад, Франц, Орос, АНУ болон Герман улсын төлөөлөгчид өнгөрсөн ням гаригт мэдэгдэл хийсэн юм. “Зургаа”- гийн орнууд Ирантай зургаан сарын хугацаатай завсрын гэрээ хэлэлцээний талаар зөвшилцөлд хүрснээ мэдэгдсэн бөгөөд хэлэлцээг нэгдүгээр сарын 20- ноос хэрэгжүүлэхээр тохиролцсон аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийсэн завсрын гэрээний дагуу Иран улс уран баяжуулах хөтөлбөрийнхөө зарим хэсгийг түр хугацаанд зогсоохоор болсон юм. Барууны улс болон Израиль Ираны уран баяжуулах хөтөлбөрийг цөмийн бөмбөг хийх гэсэн өнгөлөн далдалсан оролдлого гэж үздэг. Харин зургаан сарын хугацаанд уг хөтөлбөрийн зарим хэсгийг зогсоох болсон нь “Түр амьсгаа” авах зай өгч байгаа бөгөөд энэ хооронд өргөн хүрээтэй гэрээ хэлэлцээ хийх боломжийг нээлээ гэж дүгнэсэн. Энэ хугацаанд Иран улсад тавьсан хоригийг хэсэгчлэн зөөлрүүлэх бөгөөд энэ нь долоон тэрбум ам.долларын хөнгөлөлт болох аж. Гэтэл Орос улс аль хэдийнэ хориг арга хэмжээг нураах зөвшилцөл хийсэн байж магадгүй болоод байна. Иран улс хориг арга хэмжээний хөнгөлөлт болох 550 сая ам.долларыг ирэх сарын 1-нээс эхлэн АНУ-аас авах юм. Гэхдээ АНУ энэ мөнгийг хориг арга хэмжээ авахдаа хурааж авсан 4.2 тэрбум ам.доллараас өгөх гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн даваа гаригт “Одоо бид шинээр хориг тавихгүй. Хэрвээ тэд боломж олгож байгаа энэ хаалгаар орж чадахгүй ойчих юм бол бид завсрын хэлэлцээг хүчингүй болгоно. Түүнчлэн Иран улсыг цөмийн зэвсэг хийгээгүй гэсэн баталгааг гаргахаар дарамт шахалт үзүүлнэ” гэж хэлжээ.
Сэтгэгдэл (0)