Бүх цаг үеийн хамгийн шилдэг нь ЛЕОНАРДО ДА ВИНЧИ

Шинийг сэдэж, бүтэлгүйтэж шантарч байдаг хүмүүс бол зохион бүтээгчид. Тэдний удаа дараагийн шантрал, бүтэлгүйтлийн үр дүнд бид өнөөгийн амьдралыг бий болгосон. Магадгүй тэдний зарим нь тухайн цаг үедээ “Солиотой, гаж сэтгэхүйтэй” хэмээн дуудуулдаг байсан ч тэдний суут бүтээлүүдгүйгээр бид хэрхэн амьдрах байсан бол. Ингээд та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн шилдэг зохион бүтээгчдийг танилцуулж байна.

Леонардо да Винчи

Энэ эрхэм хамгийн алдартай мөрөөдөгч инженер, шинийг санаачлагч байсан байж болох юм. Леонардо нисдэг тэрэг, танк болон шумбагч онгоцыг урьдаас харж, төсөөлж байсан гэдэг. Орчин үеийн инженерүүд түүний бүтээлүүдээс санаа авч гүүр, нисэх онгоц, хүч дамжуулах эд анги, шүхэр гэх мэт олон зүйлийг бүтээсэн. Леонардо да Ванчи хүний биеийн зургийг нэлээд зурдаг байсан учир түүнийг “Хүний биеийн судалбар зургийг нээсэн” хэмээн үздэг юм байна. Леонардогийн зурсан зүрхний бичлэгийн зураг нь 2005 онд Их Британийн зүрхний эмчид эмчилгээний шинэ аргыг нээхэд тусалжээ. Үүнээс гадна Леонардо да Ванчи атеросклероз болон судас хатуурах өвчнийг нээж илрүүлсэн аж.


Томас Эдисон
Томас Эдисон хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн бүтээлч инженер бөгөөд түүний нэр дээр нийтдээ 1097 патент байдаг. Пянз тоглуулагч, чийдэн, биржийн мэдээ шивэгч машин, фото аппарат, прожектор гэх мэт зуу, зуун бүтээл түүнийх. Тэрбээр дэлхийн хамгийн анхны цахилгаан станцыг дэд бүтцийн хамт зохион бүтээн байгуулсан юм. Түүний шинэ санаачилга бүтээлгүйгээр энэ цаг үеийг төсөөлөхийн аргагүй. Эдисон бусдын зохион бүтээсэн бүтээлийг илүү сайжруулсан нь ч байгаа бөгөөд нэгтгэн дүгнэх чадвар нь түүнийг амжилтад хүргэсэн гэдэг. Мөн бүтээлийнх нь заримыг эрдэмтэн, судлаачид хожим засаж сайжруулсан нь ч бий. Жишээлбэл, цахилгаан чийдэн дэх хоёр электродын дундуур цахилгаан гүйдэл явуулахад нэг нь халдаг. “Эдисоны нөлөө” гэж нэрлэдэг энэ нээлтэд үндэслэн хожим нь цахилгаан дамжуулах хоолойг хийжээ. Түүний ажиглалт, туршилтаа тэмдэглэсэн 3400 дэвтэр бидэнд үлджээ.


Хенри Форд

Хенри Форд нь хамгийн бага зардлаар, хурдан хугацаанд олон тооны автомашин үйлдвэрлэх аргыг нээсэн хүн. Тэрбээр хүнд үйлдвэрүүдэд ажиглалт хийсний эцэст дараах дөрвөн үйлдвэртээ нэвтрүүлэхээр зориг шулуудсан байна. Үүнд:
-Харилцан бие биенээ оролж байх цех, тасгууд
-Үйлдвэрлэл тасралтгүй байх,
-Ажилчны ажил, үүргийн хуваарилалт сайн байх,
-Урамшуулал. Хенри Форд санаагаа хэрэгжүүлэхийн тулд таван жилийг зарцуулсан байна. 1913 он гэхэд түүний санаачилга, шинэ бүтээлүүд автомашины үйлдвэрлэлд бүрэн хэрэгжсэн төдийгүй хүнд үйлдвэрлэлд асар том өөрчлөлтийг авчирч чадсан билээ. Түүний үйлдвэрлэсэн “Форд Т” загвар нь Америкийн нийгэм, аж үйлдвэрлэлийн салбарт хувьсгал хийсэн. Тэрбээр цуцашгүй ажил хэрэгч, зохион бүтээгч байсан бөгөөд АНУ-ын патентын албанаас 161 патент өөрийнхөө нэр дээр авч байжээ. “Форд Моторс” компанийн хувьд “Тэрбээр дэлхийн хамгийн баян, алдартай хүмүүсийн нэг байв. Нас нөгчих үедээ Форд өөрийн хөрөнгийнхөө нэлээд их хувийг “Форд” санд үлдээсэн ч өөрийнхөө гэр бүлдээ “Форд Моторс” компанийг удирдаж, эзэмших бүх эрхийг өвлүүлжээ.


Ах дүү Уилбур Райт, Орвилл Райт
Ах дүү Уилбер, Орвилл Райт нар нь Америкийн нисэх онгоцны нэрт зохион бүтээгч, нисгэгчид юм. Тэд 1903 оны арванхоёрдугаар сарын 17-нд хүн төрөлхтөний түүхэнд анх удаа онгоцоор 59 секунд ниссэн юм. Тэрчлэн ах, дүү хоёр 1909 онд АНУ-д нисэх онгоц үйлдвэрлэх анхны компанийг байгуулжээ. Ах, дүү Райтын гайхамшигтай бүтээлээс бид унадаг дугуй, галт тэрэг гэх мэт тээврийн хэрэгслээр зорчдог. Ах, дүүсийн ачаар хүмүүс нисэх онгоцоор хүссэн газартаа хурдан шуурхай хүрч чадаж байгаа билээ. Тэд сэнс, хөдөлгүүр, аэродинамик гэх мэт олон салбарт судалгааг анхлан гүйцэтгэгчид байсан юм. Ах, дүү хоёр Райт яагаад ч юм гэрлээгүй. “Миний хоёр хүү амьдралдаа онгоц, эхнэр хоёрын аль нэгийг сонгох тавилантай байсан. Тэд нисэх онгоцыг сонгосон юм” хэмээн эцэг нь хэлжээ.


Жеймс Уатт

Аж үйлдвэржилтийн хувьсгалын гайхамшигтай ололтуудад ташуур өгөн хурдлуулах гол хүчин зүйл нь шинийг санаачлагч инженер Жеймс Уаттын зохион бүтээсэн уурын машин байсан юм. Түүний зохион бүтээсэн уурын машин 1760-аад оны үед хамгийн өндөр ашигтай ажил гүйцэтгэгч төхөөрөмж болсон байв. Тэрбээр механикийн олон арван патенттай бөгөөд уурын хөдөлгүүрийг уул уурхай, тээвэр болон үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж байв. Тэрбээр “морины хүч” (horsepower) хэмээх хэмжилтийн нэгж санаачилсан бөгөөд нэг морины хүч нь 746 вт-тай тэнцүү. Уатт нь багаж хэрэгслийн засварчны мэргэжлээр дөнгөж ганц жил суралцсан ч зохион бүтээх төрөлхийн авьяастай залуу байжээ. Нью- Ньюкомений бүтээсэн хөдөлгүүрийг ихээхэн боловсронгуй болгож чадсанаараа уурын хөдөлгүүрийг зохион бүтээгч гэдэг алдрыг зүй ёсоор хүртсэн юм. Уатт 1769 онд эрхийг нь авч анх удаа боловсронгуй болгосон зүйл нь агшаах тусдаа хорго болсон юм. Тэрчлэн уурын бортгуудыг салгаж 1782 онд давхар үйлдэлтэй хөдөлгүүрийг зохион бүтээв. Дээр дурдсан болон боловсронгуй болгосон бусад жижиг эд зүйлсийн үр дүнд уурын хөдөлгүүрийн хүчин чадал 3-4 дахин нэмэгджээ. Ж.Уатт нь нэрт зохион бүтээгч байсан ч хийсэн бүтээснээ олны хүртээл болгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар санаачилга зүтгэл гаргахгүй байлаа. Аз болоход 1775 онд инженер мэргэжилтэй ч арилжаа наймааны ажилд дадамгай Мэть Баултон гэдэг хүнтэй хамтран ажиллаж эхэлснээр ажил үйлс нь улам өөдрөг явах болжээ. Тэдний хамтран байгуулсан пүүс нь 25 жилийн хугацаанд олон тооны уурын хөдөлгүүр үйлдвэрлэн борлуулж хоёулаа их баяжжээ. Аж үйлдвэрийн хувьсгалын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн олон нээлт байдаг боловч тэдгээр нь аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг механикжуулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, өөрийн өртгийг багасгахад дорвитой нөлөө үзүүлж чадаагүй юм. Чухамдаа Ж.Уаттын зохион бvтээсэн уурын хөдөлгүүр аж үйлдвэрийн хувьсгалд ихээхэн эргэлт хийсэн билээ.


Архимед
Сериакусын Архимед нь эртний Грекийн математикч, физикч, инженер, одон орон судлаач, зохион бүтээгч байжээ. Архимедийн бүтээлийн санаанууд хамгийн энгийн шийдэлтэйгээрээ гайхшруулсаар ирсэн. Чулуу шидэх төхөөрөмж, хөшүүргийн тусламжтай өргөгч цамхаг, эрүүдэн шүүх төхөөрөмж, уурхайн усжуулалтын систем гэх мэт олон бүтээлүүд түүнийх. Төрөлх Сиракуз хотыг нь ромчууд бүслэх үед түүний бүтээсэн зэвсэг, төхөөрөмжүүд тулаанд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэдэг. Тэрбээр математикийн шинжлэх ухаанд Пи (pi=3,14) хэмээх тооны ойлголтыг буй болгосон суутан билээ.


Никола Тесла

Никола Тесла бүх цаг үеийн хамгийн агуу цахилгааны инженер, шинийг санаачлагчдын нэг билээ. Тэрбээр Серб үндэстэн бөгөөд зохион бүтээсэн төхөөрөмж, шинэ бүтээлүүдээ хэрэгжүүлэхийн тулд Америк тивийг зорьсон билээ. Өдрийн гэрэл, индукцийн хөдөлгүүр, гурван фазын гүйдэл гэх мэт олон төрлийн туршилтууд нь амжилттай болж бидний өдөр тутмын амьдралд одоог хүртэл ашиглагдсаар байгаа. Түүний чухал ажлуудын нэг нь хувьсах гүйдлийн судалгаа байсан. Америкт цагаачлан очсоныхоо дараа 1884 онд алдарт инженер болох Томас Эдисонтой хамтран ажиллах болсон боловч хожим өрсөлдөгчид болжээ. Суут инженерүүдийн ачаар эрчим хүчний ирээдүйн хөгжил өндөр төвшинд хүрсэн билээ. Тэрбээр цахилгаан үйлдвэрлэлийн салбарыг үүсэхэд хамгийн том хувь нэмэр оруулсан хүн гэгддэг бөгөөд XIX зууны сүүл, XX зууны эхэн үед цахилгаан соронзны салбарт хувьсгал хийсэн олон бүтээл, нээлт хийснээрээ ихэд алдаршсан. Түүний эхэн үеийн бүтээлийн ихээхэн хэсэг нь орчин үеийн цахилгаан техникийн анхдагч бүтээлүүд болсон бөгөөд түүний хийсэн нээлтүүд асар том өөрчлөлт авчирсан юм. Энэ үед АНУ-д Теслагийн алдар нэр бусад зохион бүтээгч, эрдэмтний нэр алдартай эн зэрэгцэж байсан боловч, этгээд зан, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн талаар итгэмээргүй, заримдаа хачин гэмээр санаа гаргадаг байсан учраас Тесла эцэстээ нүд үзүүрлэгдэж “Галзуу эрдэмтэн” гэгдэх болжээ.


Герон Александрийский
МЭӨ 50-аад оны үед амьдарч байсан энэ хүн уурын хүчийг ашиглаж ямар нэгэн хүнд хүчир ажлыг амархан хийж болох санаачилгыг анх гаргажээ. Гэвч тухайн үедээ хүнд ажлуудыг боолын хөдөлмөрөөр нугалдаг байсан учир олон нийт түүний шинэ санааг төдийлөн ойшоодоггүй байсан аж. Тэрбээр физик, математик болон пневматикийн талаар өргөн хүрээнд судалгаа хийж ном болгон хэвлүүлж байсан. Барилга байгууламжийн усжуулалтын систем, гудамжин дахь автомат рашаан түгээгүүр, усан цаг гэх мэт олон бүтээл түүнийх.


Николай Отто
Германы зохион бүтээгч шинийг санаачлагч Николай Отто нь дөрвөн шатлалт Оттогийн цикл хэмээх бүтээлээрээ хөдөлгүүрийн хөгжлийг тодорхойлсон юм. Түүний цикл нь дөрвөн шатлалтаар ажиллах бөгөөд бидний хэрэглэж байгаа автомашины хөдөлгүүр бүр энэ хүний бүтээлийн зарчмаар ажиллаж байна.


Алан Тьюринг
Энэ хүний гайхамшигт бүтээлгүйгээр компьютерийн хөгжил хаана “сажилж” байхыг төсөөлөн бодоход ч хэцүү билээ. Тэрбээр хоёртын тооллын системийг хөгжүүлэгч бөгөөд бидний ашиглаж байгаа компьютерууд түүний бүтээлийн үр шимээр ажилладаг. Компьютерийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэд Алан Тьюрингийг “Эцэг” хэмээн өргөмжилдөг байна. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны үед нацист Германы нууцлагдмал харилцаа холбооны төхөөрөмж “Энигма”-ийн нууцлалт кодыг тайлахад гар бие оролцож байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг бол Алан Тьюринг юм. Дэлхийд алдартай “Time” сэтгүүл түүнийг XX зууны хамгийн чухал хүмүүсийн жагсаалтад багтаасан байдаг билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • зочин (66.181.182.158)

    2020-09-29

    юу вэ????

  • титаник (66.181.182.158)

    2020-09-29

    хн

    зочин (66.181.182.158)

    2020-09-29

    юу вэ????

  • zochin (202.179.20.198)

    2014-01-17

    gaihaltai yuma.yneheer aguu hymyys yum