Энэтхэгийн сайдыг эхнэрийнх нь үхэлд буруутгаж байна

Энэтхэгийн Хүний нөөцийн хөгжлийн сайд Шаши Тарурын эхнэр Сунанда Пушкар өнгөрсөн баасан гаригт Нью дели хотын таван одтой Лила зочид буудалд амиа алдсан байдалтайгаар олджээ. Түүний нөхөр өнгөрсөн баасан гаригт албан уулзалтаас эргэж ирэхэд эхнэр нь хаалгаа дотроосоо цоожилчихсон байж. Хүчээр онгойлгон ороход Сунанда Пушкар зочид буудлын орон дээр амьсгал хураасан байжээ. Одоогоор түүний үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй байна. Талийгаачийн цогцост задлан хийсэн эмнэлэгт нөхөр Шаши Тарур нь хэвтэн эмчлүүлж байна хэмээн BBC агентлагийн сэтгүүлч мэдээлжээ. Хэдийгээр үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч гэр бүлийн үл ойлголцлоос үүссэн сэтгэл санааны дарамтаас болсон байх магадлалтайг дэлхийн томоохон агентлагууд дамжуулж байна. Учир нь өнгөрсөн лхагва гаригт хатагтай Сунанда Пушкар нөхрийнхөө твиттер хаягийг хакердуулж хувийн захидлуудыг нь олон нийтэд дэлгэсэн билээ. Шаши Тарур сайд пакистаны сэтгүүлч эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотойг илчлэх хувийн захидлуудыг тэрбээр уншсан байна. Тухайлбал, пакистаны сэтгүүлч эмэгтэй түүний нөхөрт “Би чамд хайртай. Хэзээ ч хувирахгүй. Чиний Мехр” гэж бичсэн аж. Үүний дараа Сунанда Пушкар нөхрөөсөө сална гэдгээ мэдэгдэж байсан ч хэсэгтээ чимээгүй болжээ. Харин түүний нөхөр анхнаасаа л гэр бүлийн гадуурх ямар ч харилцаа байгаагүй хэмээн хэвлэлүүдэд мэдэгдэж байсан. Тарурын эхнэрийн үхлийн мэдээг сонссон пакистан сэтгүүлч Мехр цочролд орсноо твиттер хуудастаа бичжээ. Тэрбээр “Бурхан минь. Би өглөө сэрээд энэ мэдээг уншлаа. Би үнэхээр цочирдсон. Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Тайван нойрсдоо Сунанда” хэмээжээ. Одоогоор түүний үхэлтэй холбогдуулан зочид буудлын ажилчдыг шалгаж байгаа гэнэ. Талийгаач амиа алдахдаа бүх хувцсаа өмсчихсөн байснаас гадна хорлогдсон гэх гадны шинж тэмдэг огтхон ч байгаагүйг цагдаагийнхан мэдээлж байна. Хосуудын харилцаа муудсан учраас Шаши Тарур жилийн хугацаанд Дубайд голдуу амьдарч байж. Тэд 2010 онд гэрлэсэн бөгөөд олны анхааралд байдаг элит гэр бүлийн нэг байсан юм. Ноён Тарурын хүү Исхан алдарт “Time” сэтгүүлд ажилладаг юм байна. Тэрбээр энэ хүнд цаг үед гэр бүлийнх нь хувийн асуудлыг хүндэтгэхийг мэргэжил нэгтнүүдээсээ хүссэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)