Бан Ги Мүн: Сирийн талаарх энхийн хэлэлцээрт Иран чухал нөлөөтэй
- 2014-01-21
- Дэлхий
- 0
Швейцарийн Женев хотноо
энэ сарын 24-нд Сирийн
талаарх энхийн хэлэлцээр
эхлэхээр болсон билээ. Уг хэлэлцээрт
“Сирийн хамгийн ойрын холбоотон
Иран улсыг оролцуулах шаардлагагүй”
гэж зохион байгуулагч орнууд үзэж
байсан юм. Гэвч НҮБ -ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Иран
улсын үүрэг оролцоо чухал гэдгийг
онцлон тэмдэглэж, албан ёсны урилга
явуулжээ.Тэрбээр Ираны Засгийн газар Сирийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг онцлон “Сирийн энхийн хэлэлцээрт Иран чухал нөлөөтэй” хэмээжээ. Түүний урилгыг Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед -Жавад Зариф хүлээн авснаа албан ёсоор мэдэгдсэн байна. Харин Сирийн үндэсний эвслээс “Ираны төлөөлөгчид уулзалтад оролцохоор бол Женевийн хэлэлцээрт нэгдэхгүй” хэмээжээ. Учир нь Иран улс нь Сирийн Ерөнхийлөгч Башар аль - Ассадыг дэмжигч, ойрын холбоотон орон юм.
Сирид гурван жил орчим үргэлжиж буй зөрчил мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхээр хичээж буй НҮБ -ын ээлжит оролдлого ямар үр дүнд хүрэх нь олон улсын ажиглагчдын анхаарлын төвд байна. Тус хэлэлцээрээс өмнө Монтрё хотод болох олон улсын бага хуралд Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийхний аль , аль нь оролцохоор зөвшөөрсөн нь нааштай үр дүн гарах найдварыг ажиглагчдад төрүүлж байгаа аж. Монтрёд болох уулзалт нь энэ сарын 24-нд Женевт болох Сирийн сөргөлдөгч талуудын шууд яриа, хэлэлцээрийн өмнөтгөл ажээ. Гурван жил үргэлжилсэн иргэний дайны улмаас 100 гаруй мянган хүн амиа алдаж, 6.5 сая иргэн дотооддоо шилжин суурьшиж, хоёр сая иргэн гадаад руу дүрвээд байгаа юм.

Сэтгэгдэл (0)