Сэрэмжлүүлэг: Хятад руу зорчих иргэдэд анхааруулж байна

Томуугийн А хүрээний Н7N9 вируст халдварын хүний өвчлөл, шувууны томуугийн Н5N1 хэвшлийн өвчлөлийн тохиолдлууд хөрш зэргэлдээ БНХАУ-д буурахгүй, цаашид нэмэгдэх хандлагатай байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсны дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хариу арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийг МХЕГ-ын даргын тушаалаар байгуулсан байна.

Өнгөрөгч нэгдүгээр сарын 28-ны байдлаар БНХАУ-д 241 тохиолдол илэрсний таван хүн тутмын нэг буюу 53 нь нас баржээ. Уг халдварын голомт Хятадын Бээжин, өмнөд хэсгийн Шанхай, Анхуй, Жангсу, Гуандун, Фужиан, Жэжиан, Шэнжэн, Янжиан, Фожан, Шижоу зэрэг хот, мужуудаас гадна Тайвань, Гонконгт бүртгэгдээд байна.

Иймд БНХАУ-аас хил нэвтрэн зорчигчдод болон хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа тул МХЕГ-аас харъяа газар, алба, хэлтсийн дарга нарт хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчдын халууныг хэмжих, сэжигтэй тохиолдол илэрвэл тэдгээрээс дэлгэрэнгүй асуумж судалгаа авах, хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд бүрэн хамруулж, ариутгал, халдваргүйжилтийн бодисын нөөц, тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангаж ажиллах, импортын шувуу, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавих хүнсний аюулгүй байдлын хяналтыг чангатгах зэрэг арга хэмжээг авч ажиллаж эхэлжээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)