
Москва, Санкт-Петербургийн төвд эсэргүүцлийн жагсаалд оролцсон 400 гаруй хүнийг саатуулжээ. Жагсагчид өмнө нь “Болотная” нэртэй талбай дахь сөрөг хүчний эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсоны төлөө хэд хэдэн хүнд шүүхээс ял оноосныг эсэргүүцсэн байна. Санкт-Петербург хотноо нийт 60 гаруй хүнийг саатуулсан байгаа юм. Хүний эрхийг хамгаалах байгууллагын “ОВД- Инфо” порталын мэдээлснээр нийт 421 хүн саатуулагдсан бөгөөд тэдний заримыг нь захиргааны зөрчил гаргасан хэрэгт буруутгаад сулласан байна. Харин Алексей Навальный, Бориса Немцов зэрэг бусад эсэргүүцэгчийг цагдаагийн хэлтэст саатуулан шууд шүүхэд шилжүүлэхээр болжээ. Москва хотноо “Манежная” талбайд болсон эсэргүүцлийн үйл ажиллагаанд 3000 гаруй хүн цугларч сөрөг хүчний удирдагчдыг талбайд ирсэн даруйд нь баривчлан авч ясныг хөдөлгөөний гишүүд мэдээлсэн байна. Улмаар Замоскворецкий дүүргийн шүүхээс өнгөрсөн даваа гаригт “Болотная” талбай дахь эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцогсдыг олныг хамарсан эмх замбараагүй явдалд оролцсон хэрэгт буруутай гэсэн тогтоол гаргажээ. Уг хэрэгт буруутгагдсан нэг эмэгтэйд тэнсэн харгалзах ял, бусдад нь 2,5-4 жил хүртэл хорих ял оноосон байна. Шүүхийн байрны гадаа даваа гаригт мөн 230 гаруй хүнийг саатуулсан бөгөөд тэдний олонхийг нь зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцсон эсвэл хууль сахиулах ажилтны шаардлагыг биелүүлээгүй гэсэн хэрэгт буруутгасан байна. Шүүхийн гаднаас “Пусси Риот” хамтлагийн гишүүд, Алексей Навальный зэрэг олны танил хүмүүсийг саатуулж, хэдэн цагийн дараа сулласан юм
Сэтгэгдэл (0)