
Исландийн парламентын гишүүд Европын холбоонд нэгдэх тухай хэлэлцээрийг зогсоож, энэ асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулахаас татгалзахаар шийджээ. Томоохон банкууд нь дампуурсны дараа Исландийн эрх баригчид 2010 оны зун Европын холбоонд нэгдэх тухай хүсэлт гаргасан юм. Тэд Европын холбоонд элссэнээр эдийн засгийн хүнд байдлаас гарах боломжтой гэж тооцсон аж. Гэвч Европын орнууд санхүүгийн хямралаас гарахын хэрээр эдийн засаг, нийгмийн олон хүндрэлтэй асуудал хуримтлагдаж байснаас тус улсын бодлого тодорхойлогчид үзэл баримтлалаа өөрчилж, хоёр талын хэлэлцээрийг түр зогсоосон юм. Харин 2013 онд засгийн эрхэнд гарсан баруун төвийн үзэл баримтлал бүхий улс төрийн хүчний удирдагчид Европын холбоонд нэгдэхийг эсрэг гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Исландийн хувьд Европын холбоонд нэгдэхэд нь саад болж буй асуудлын нэг нь загас агнууртай холбоотой бөгөөд Брюссель болон Рейкьявикийн эрх баригчид уг асуудлаар тохиролцож чадаагүй. Дээр нь Исландийн эдийн засаг нэлээд сэргэсэн бол евро бүсийн орнууд өрийн дарамтаас болж, хүндрэлд орсноос гадна цаашид Украйнд их хэмжээний тусламж үзүүлвэл байдал улам хүндрэх магадлалтай юм. Исландийн 320 мянган иргэнээс 60 гаруй хувь нь Европын холбоонд нэгдэхийн эсрэг байна. Гэсэн ч эх баригчдынх нь дээрх шийдвэр нэлээд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, нийслэл Рейкьявик хот парламентын байрны гадаа 3500 орчим жагссан нь тус улсын хувьд томоохон эсэргүүцлийн цуглаан юм.
Сэтгэгдэл (0)