Иракын хотуудыг бөмбөгджээ
- 2011-11-29
- Дэлхий
- 0
Бямба гарагт Иракт хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болж, олон хүний аминд
хүрсэн тухай цагдаагийн болон эмнэлгийн албан хаагчид мэдээлж байна.

Багдадын төв хэсэгт байрлах хүн ам бужигнасан Баб ал-Шаржи худалдааны гудамжинд үд дунд болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас долоон хүн амь насаа алдаж, 28 хүн хүнд бэртэл гэмтэл авсан байна. Нийслэлээс зүүн хэсэгт орших Фаллужа мужийн ал-Анназ хэмээх газарт залуу ажилтан, албан хаагчдыг тээвэрлэж явсан жижиг автобусыг бөмбөгдсөн бөгөөд үүний улмаас зургаан эрэгтэй амиа алдаж, 10 хүн мөн бэртэж гэмтсэн байна. Анхны дэлбэрэлт өглөөний 5 цаг 30 минутын үе Санни хэмээх газар болсон бөгөөд хэргийн золиос болсон иргэд ажилдаа явж байсан тухай цагдаагийн офицер Ахмед Салман хэлжээ.
Бямба гарагийн өглөө Иракийн Армийн бие бүрэлдэхүүн хуягт машинуудаа хөлөглөн цэргийн сүрт жагсаалыг хийж байсан байна. Уг жагсаал нь Америкийн Нэгдсэн улс цэргийн хүчнээ Арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгож татах болсонтой холбогдуулан, үүрэг хариуцлагаа өндөржүүлэх зорилгоор хийж буй бэлтгэл ажлын нэг хэсэг байсан ажээ.
Ирак дахь хүчирхийлэл, дарангуйллын асуудал нэг тийш болж шийдэгдсэн ч, улс орныг тойрсон халдлагууд буурахгүй байгаа бөгөөд энгийн номхон ард иргэд гэмт халдлага үйлдэгчдийн хохирогч болж үлдсээр байна. Өнгөрсөн пүрэв гарагт л гэхэд Басра дахь худалдааны гудамжинд болсон гурван удаагийн дэлбэрэлтээс болж, 19 хүн амиа алдаж, хэдэн арван хүн хүнд болон хөнгөн гэмтэл авчээ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)