Дэлхийн алдарт “Forbes” сэтгүүл эрх чөлөөний орноос Монголд ирлээ

Монгол улсын хувьд олон улсын зах зээл, хөрөнгийн урсгал, нөлөө бүхий эрхмүүдийн амжилтын замнал, тэдний алсын хараа, бодлого төлөвлөгөө хийгээд дүн шинжилгээ ус агаар мэт хэрэгтэй болоод байгаа билээ.
Тиймээс бидний эрхлэн гаргаж байгаа “Forbes Моngolia” сэтгүүл мэдээллийн зуунд хөтлөх түүчээ нь байна гэдэгт итгэлтэй байна.

“Forbes” сэтгүүл олон улсад танигдсан, өөрийн орон зайг өнгөрсөн зууны эхнээс буй болгосон гэдгийг уг сэтгүүлийг сонирхон уншдаг хэн бүхэн андахгүй. “Forbes”нь зөвхөн биз­несийн сэтгүүл байгаад зогсохгүй бизнесийн орчны хэв маяг, соёл, техник технологи, инновацийг бүхэлд нь өөртөө шингээсэн орчин үеийн хэвлэл мэдээллийн шилдэг брэнд юм. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс “Forbes””-ийг ялгаруулж брэнд болтол нь хөгжүүлсэн гол хөшүүрэг бол улам даяарчлагдаж буй манай дэлхийн өнцөг булан бүрт бизнес эрхлэгч, бизнесийн дүрмийг зохиогч, өөрчлөгч, шинэчлэгчдийн тухай мэдээллийг хүргэдэгт оршдог.

“Forbes” 100 гаруй жилийн түүхэндээ бизнесийн чухал санаа, технологийн дэвшил гаргасан, ор хоосноос дэлхийн хэмжээний тэрбумтан болж чадсан баялаг бүтээгч, бизнесийн манлайлагчдыг сэтгүүлдээ багтааж, олонд таниулсаар ирсэн. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд дэлхийд өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан түүхэн хүмүүс, цахим ертөнцийн гайхамшиг Билл Гэйтс, түүний мөнхийн өрсөлдөгч, Мексикийн тэрбумтан Карлос Слим, нараас эхлээд “Facebook”-ийг үндэслэгч Марк Зукерберг, Украйнаас юу ч үгүй хоосон эрх чөлөөний орныг зорьж, эдүгээ ухаалаг гар утасны “WhatsApp” аппликэйшнийг зохиож тэрбумтан болсон Ян Кум нараар сэтгүүлээ чимэх болсон юм. Сонирхуулахад Карлос Слим, Билл Гэйтст дэлхийн хамгийн чинээлэг эрхэм гэсэн алдар нэрээ алдаад байхдаа Чингис хааны байлдан дагууллын стратегийн тухай ном, зохиолыг амтархан уншиж, судалсан байдаг. Тэрээр 13-р зууны дэлхийн алдарт байлдан дагуулагчийн цэргийн стратегийг бизнестээ овжин ашигласнаар хөрөнгийн хэмжээгээрээ эргэж “Microsoft”-ын урд гарч чадсан хэмээн бахархалтайгаар ярьсан байдаг.

“Forbes” сэтгүүл албан ёсны эрхтэйгээр дэлхийн 100-гаад оронд 33 хэлээр хэвлэгддэг. Монгол улс 34 дэх орон болж, уг сэтгүүлийг хэвлэмэл болон онлайн хэлбэрээр төрөлх хэлээрээ унших боломжтой болж байгаад уншигчдынхаа өмнөөс бид баяртай байна. Монголын эдийн засаг эгзэгтэй байгаа өнөө үед үндэсний компаниуд, бизнесменүүд эвлэлдэн нэгдэж дэлхийн зах зээлд гарах цаг нь болсон. Эдгээр баялаг бүтээгчдийг эрчилж, холбох гүүр нь “Forbes Mongolia” сэтгүүл байна гэдэгт­ бид эргэлзэхгүй байна. “Шинэ санаа, амжилт ололт хаана байна, “Forbes” тэнд байх болно”.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)