“Охидыг зэвсэгт дайчдаар солихыг дэмжихгүй” гэв
- 2014-05-16
- Дэлхий
- 0

Нигерийн “Боко Харам” бүлэглэлийн зэвсэгт дайчдад хоёр охиноо хулгайд алдсан нэгэн эцэг хүүхдүүдийг хоригдож буй Исламын дайчдаар солилцох саналыг дэмжихгүй гэдгээ хэлжээ. Үүнээс өмнө “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абузар Шекау зэвсэгт ахан дүүс нь шоронд хоригдож байгаа цагт хулгайлж авч явсан 276 охиныг суллахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр энэ тухай өгүүлсэн дүрс бичлэгээ тараажээ. Уг бичлэгт хар хувцас, саарал хижаб нөмрөг бүхий 100 гаруй охин араб хэлээр Коран судар уншиж, Аллахыг магтан дуулж буйг харуулжээ. Хоёр охиноо алдсан нэгэн эцэг хүүхдүүдээ уг бичлэгт олж хараагүйгээс гадна тэднийг зэвсэгт дайчдаар солихыг буруу гэж бодож байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн аж. Тэрбээр нэрээ хэлэхээс татгалзсан боловч Нигерийн гудамжин дахь зэвсэгт дайчдын тоог нэмэхийг хүсэхгүй гэдгээ хэлж, тэдэнд буулт хийвэл улам их хүчирхийлэл гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. Охидын аав “Энэ буруу. Тэд энэ хэргээ дахиад л үйлдэнэ” гэж “Скай ньюс” сувгийн сэтгүүлчид ярьсан байна. Нигерийн зүүн хойд хэсэгт орших Борно мужийн Чибук хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр дотуур байртай сургуулийн сурагчдыг шалгалт өгч байхад нь зэвсэгт дайчид дайран орж, 300 гаруй охиныг барьцаалан авч явжээ. Тэднээс 53 нь оргож чадсан боловч 276 охин одоо хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Охидыг олох ажилд сүүлийн үед АНУ, Их Британи, Францын тагнуулын мэргэжилтнүүд тусалж эхэлсэн аж.

Сэтгэгдэл (1)
yui (202.21.106.102)
manaih iim erchuudtei bsn bol ohid maani hunii naimaagaar orohgui l bailaa. orson bailaa ch neheed avchrah bsn.