Хойд солонгосчуудад эмгэнэл илэрхийлжээ

БНСУ-ын удирдлага Пхеньян хотноо 23 давхар байшин нурж, олон хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор БНАСАУ-ын эрх баригчдад эмгэнэл илэрхийлжээ. Энэ тухай мэдэгдлийг Өмнөдийн эрх баригчид “Улаан загалмай” нийгэмлэгийн шугамаар Умардын удирдлагад хүргүүлсэн байна. Үүнээс өмнө Өмнөдийн тал хамгийн сүүлд 2006 онд их хэмжээний үер болж, хэдэн зуун хүн сураггүй болсонд Умардын талд эмгэнэл илэрхийлж байжээ. Харин Хойд солонгосчууд “Сэвол” хөлөг онгоцны осолтой холбоотойгоор нэг сарын өмнө эмгэнэл илэрхийлсэн аж. Энэ хоёр орон 1950-аад онд болсон дайн дуусахад гал зогсоох түр гэрээ байгуулсан боловч найрамдлын гэрээ байгуулаагүй юм. Умард Солонгост орон сууцны байшин нурсан осол энэ сарын 13-ны өдөр болсон ба хэдэн хүн амь насаа алдсаныг албан ёсоор мэдэгдээгүй байна. Гэхдээ албаныхан барилгын ажил дуусаагүй байсан ч байшинд 100 орчим гэр бүл нүүж ороод байсныг мэдээлсэн аж. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд ослын шалтгааныг “Барилгын ажил гүйцэтгэхдээ алдаа гаргасан, харилцах ёстой албан тушаалтнууд нь хяналт тавиагүй” гэсэн шалтгаануудыг дурджээ. Ослын хариуцлагыг Умард Солонгосын Ардын аюулгүй байдлыг хангах сайд, Дотоодыг хамгаалах хүчний төлөөлөгч гэсэн хоёр өндөр албан тушаалтан үүрэхээр болсон байна.  
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)