Алина Кабаева: Хүн бүрт нууц байх ёстой
- 2014-05-23
- Дэлхий
- 0

Оросын Төрийн Думын депутат, алдарт гимнастикч Алина Кабаева энэ сарын дундуур төрсөн өдрөө тэмдэглэснийхээ дараа “Собеседник” сонинд ярилцлага өгсөнийг хүргэж байна. Сэтгүүлч түүнээс төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдгийг нь сонирхжээ.
Нийгмийн цахим сүлжээнд би байхгүй
-Төрсөн өдрөө гол төлөв ойр дотны цөөн хүний хүний хүрээнд тэмдэглэдэг. Энэ бол надад биш харин баяр хүргэхээр ирсэн хүмүүст зориулсан баяр байдаг. Өдрийн эцэст утсаар ярьсаар ядардаг ч их таатай байдаг.
-Гэхдээ та нийгмийн цахим сүлжээнүүдийн алинд нь ч бүртгэлгүй болохоор баяр хүргэсэн мэндчилгээ бичих боломжгүй байдаг биз дээ?
-Би өөрийгөө “Фэйсбүүк” юмуу “ВКонтакте”-д бүртгэлтэй болсноо танилуудаасаа байсхийгээд л олж мэддэг. Үнэндээ бол надад ямар ч бүртгэл байхгүй. Тэгээд хэн нэгэн бусдын нэр зээлдээд толгойдоо орсоноо л бичиж ямар нэг ял зэм хүртэхгүй явдгийг ёс зүй, хуулийн хүрээнд шийдэх хэрэгтэй. Төрийн Дум дахь ажлын хаягаар надад хэзээ ч имэйл явуулж болно. Дээр нь албан ёсны сайтаас миний үндсэн ажил, сангийн үйл ажиллагааны тухай олж мэдэх боломжтой.
-Танд сан байгуулах тухай санаа яаж төрсөн бэ?
-Би хүүхэд байхаасаа л хэн нэгэнд туслах, хамгаалахыг хүсдэг байсан. Дасгалжуулагч минь намайг “Плевакогийн өмгөөлөгч” гэдэг байв. Тэр үед хэний тухай ярьж байгааг ойлгоогүй ч хожим тэр хүний тухай уншаад багшийнхаа өгсөн үнэлгээнд өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн.
-Сан тань хүүхдүүдэд зориулсан уран гимнастикийн цуврал тэмцээн зохион байгуулдаг. Тэмцээн Нижнекамск хотноо болдог билүү?
-Тийм. Яагаад гэвэл Татарстан миний сонгуулийн тойрог. Ниж- некамскад улс орон даяар хүүхдүүд цугладаг. Бид юун түрүүнд эртнээс цуглаж, бэлэг, дайллага бас хамгийн гол нь тэмцээнийхээ тухай ярилцдаг. Тэмцээний явцад хамгийн сайн үзүүлбэрүүдийг Москвад болдог их наадамд зориулан сонгодог. Харин Москвад жинхэнэ баяр наадам болж, бид бүх зардлыг даадаг. Замын зардал, хоол, тоглолтын хувцасны зардлыг бид гаргадаг. Манай тоглолтод Филипп Киркоров, Дима Билан, Иосиф Кобзон гээд олон шилдэг дуучин, жүжигчин үнэгүй тоглодог. Дээр нь залуу тамирчдыг үзэхээр хүүхдийн асрамжийн газарт хүмүүждэг 5000 орчим хүүхэд ирдэг. Тэдний хувьд энэ тоглолт тайзан дээр тоглож буй гимнастикчдынхаас дутахгүй чухал үйл явдал байдаг. Тэдний дунд хөгжлийн бэрхшээлтэй болон хавдрын эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдүүд бий. Нэг удаа жаахан охин хүрч ирээд түүнийг хавдрын эмчилгээ хийлгээд эмнэлэгт халзан байхад нь би эргэсэн боловч одоо үс нь ургаснаар таньсангүй гэсэн. Одоо тэр охин амьд, эрүүл саруул байгаа нь агуу их аз жаргал юм.
-Гайхалтай... Авьяаслаг боловч санхүүгийн хувьд Нижнекамскад ирэх боломжгүй хүүхэд байвал сан тэдэнд туслах уу?
-Тийм боломж байгаа бол заавал тусална. Түүнчлэн бид хотын удирдлага, спортын хороонд хандан тусламж эрэлхийлдэг. Нижнекамскад ажилладаг “Неф- техим” компанийн ачаар хүүхдүүд зочид буудалд байр, хоол ороод хоногт ердөө 422 рубль төлж байрладаг.
-Тэмцээн болон их наадам ирээдүйд тэднийг олимпийн нөөцөд ороход нь тус болох уу?
-Зүгээр Кабаева юмуу сангаас санал болголоо гээд хүүхдийг олимпийн багийн нөөцөд бүртгэх боломжгүй. Хүүхэд өөрөө л энэ эрхийг олж авах ёстой.
-Ингэхэд Евгения Канаева, Ирина Чащина хоёр Уран гимнастикийн холбооны дэд ерөнхийлөгч нар болсон. Яагаад та болсонгүй?
-Ирина Александровна Винер өөрийнхөө оронд ерөнхийлөгч болохыг санал болгосон. Гэхдээ энэ бол миний ажиллах хүрээ биш харин хажууд нь байж түүнийг бүхнээр дэмжихэд бэлэн гэдгээ хэлсэн.
“Би супер эмэгтэй биш”
-Сангийн ажлын хажуугаар та Ерөнхий боловсролын төвшин тогтоох шалгалт / ЕБТТШ/-ын тухай шуурхай утас ажиллуулах, Цхинвал хотноо сургууль барих зэрэг олонд тустай үйл хийдэг. Гэтэл буяны ажил хийдэг газрууд гол төлөв нэг ажил дээр төвлөрдөг шүү дээ?
-Энэ бүхэн өөрөө л ороод ирдэг. Анх ЕБТТШ-ыг эхлүүлж байхад хүн бүр учир начрыг нь ойлгохгүй, Оросын боловсролын хяналтын байгууллагаас бусад нь мэдэх зүйлгүй, хөл толгойгоо олохгүй байсан. Цхинвалын хувьд арай өөрөөр эхэлсэн. Дайн дууссаны дараа эвдэрч сүйдсэн хотод танкууд явж байхад биднийг биеийн тамирын зааланд авчирсан. Гэтэл дээвэр нь их бууны суманд цөмөрчихсөн байв. Тэгэхэд сургуульд хивс авчирч өгөхийг бидэнд захисан. Харин миний хувьд шинэ спорт заал барих хэрэгтэй нь тодорхой байсан. Анх хоёр жилийн дотор барьж өгнө гэж амласан боловч одоо таван жил болж байна. Ямартай ч спорт цогцолбор маань ирэх есдүгээр сард үүдээ нээнэ. Тиймээс юм бүхэн надаас шалтгаалдаггүй гэдгийг харж байгаа биз.
-Энэ харин хачирхалтай байна. Таныг Оросын хамгийн нөлөө бүхийн эмэгтэйчүүдийн тоонд (тухайлбал, “Эхо Москвы” сайтын шалгаруулалтад А.Кабаева 2014 онд чансаагаараа наймд орсон) удаа дараалан оруулж байсан. Та энэ хүч нөлөөгөө мэдэрдэг үү?
-Эдгээр чансаа шалгаруулалт бодит байдлаас хол байдаг. Хууль, хүний эрхийг зөрчиж байхад депутатын хувьд би шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэх үүрэгтэй. Энэ зорилгодоо хуулийн дагуу хүрдэгт миний хүч нөлөө оршдог. Албан тушаалтнуудад хүрч чадахгүй байгаа энгийн иргэдийн асуудлыг шийдэж өгдөг. Депутат болоогүй зөвхөн олимпийн аварга байхад надад хандан аль нэг мужийн захирагчтай уулзаад уран гимнастикт хөрөнгө гаргуулж өгөхийг гуйдаг байсан. Тэгээд би мужийн захирагч нартай уулзахад зарим нь хүсэлтийг минь биелүүдэг ч олонхи нь ойшоолгүй орхидог байв. Одоо ч хүссэн бүхэн биелдэггүй. Гэхдээ хуулийн дагуу хүлээсэн үүрэгтэй Төрийн Думын гишүүнд татгалзахад арай хэцүү.
-Манай нийгэмд депутатуудад хандах хандлага нэлээд сөрөг болж. Хүмүүс тэднийг тухайлбал, Жириновскийн алиа салбадайн үзүүлбэрийг хараад бусдыг нь ч энэ жишгээр дүгнэдэг. Дээр нь “Нэг нь нийтийн төлөө” гэх зарчмаар санал өгдөг, хурал тасалдаг. Та хурал байнга тасалдаг гишүүдийн жагсаалтад ордог?
-Думын ажлыг алиа салбадайн үзүүлбэр гэвэл энэ нь Оросын төрт ёс, улс орны амьдралыг залдаг хууль тогтоох байгууллагыг хүндэтгээгүй хэрэг. Дум 1990-ээд онд арай өөр байсан ч одоо бодитой ажил хийдэг. Жишээ нь би хууль бус үйл ажиллагаанаас хохирсон хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг телевизээр харуулахгүй байх, нэр төрийг нь хамгаалж, нэр, хаягийг нь зарлахыг хориглосон хууль батлуулсан. Хурал тасалдаг хүмүүсийн хувьд тэд тухайн үед хаана явдгийг мэдэхгүй. Харин би их наадамдаа бэлтгэх юмуу өөрийн тойрогт очиж, хүмүүстэй уулзаж байж мэднэ.
-Зүгээр л толгойгоо сэргээх гэж хуралдаан тасалж байсангүй юу?
-Тэгэх боломжгүй. Би баяр ёслол, амралтын өдрүүдэд амарч, ядаргаагаа тайлдаг.
-Төрийн Думд ажиллаж байхад хэн нэгний өмнөөс үнэхээр санаа зовж, “Би одоо хэнтэй цуг ажиллаж байна даа” гэж бодох үе гардаг уу?
-Хамгийн гол нь өөрийнхөө өмнөөс ичиж зовохооргүй ажиллах нь чухал. -Та Төрийн Дум дахь хамгийн чинээлэг гишүүдийн нэг (Л.Кабаева нь 2013 онд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийн дагуу 10.7 сая рублийн орлого олсон) юм. -Би спортын маш урт амьдрал туулж, сурталчилгаанаас нэлээд орлого олдог. Тэгээд ийм тоо гардаг. Би ядуу биш ч орлогоо хүнд хөдөлмөрөөр олсон.
-Та чуулганы хуралдааны завсраар ажлын өрөөндөө йогоор хичээллэдэг гэж үнэн үү?
-Яалаа гэж дээ. Би йогад дуртай ч миний хувьд дэндүү хөдөлгөөн багатай байдаг. Би гимнастикаар хичээллэдэг. Гэхдээ ажлаа тарсныхаа дараа. Харин Думд бол цаг хором бүр хуваарьтай болохоор тэнд йога хийгээд суух нь бүү хэл хивс дэвсээд суух ч зав гардаггүй. Амралтын өдрүүдээр би нэлээд түлхүү хоёр цаг хэртэй дасгал хийх дуртай. Харин ажлын өдрүүдэд зөвхөн спортод цаг хагас буюу арай бага хугацаа зарцуулдаг. Гэхдээ өдөр бүр биш боломж олдсон үедээ. Би тийм ч супер эмэгтэй (супервумен) биш боловч дасгал сургуулилтгүй байж чадахгүй.
-Дасгал байнга хийхгүй бол форм алддаг гэсэн?
-Тэгэлгүй яахав. Би дасгал сургуулилтаа байнга хийж, өөрийгөө формдоо байлгадаг.
-Таны хийдэг цагираг, бөмбөгтэй үзүүлбэр бий. Та одоо ч бүх элементийг нь хийдэг хэвээр үү?
-Бүгдийг нь биш. Тэгэхийн тулд өдөрт найман цагаар дасгал хийх хэрэгтэй байдаг. Нуруу минь өөр болж. Одоо залуу гимнастикчид ч миний зарим нэг элементийг хийж чаддаггүй. Тэгэхэд намайг хийж чадах уу гэх юм. Тэр үеэс хойш олон жил өнгөрч.
“Намайг хайр хүрээлдэг”
-Та Думд “Нэгдсэн Орос орон”-ыг төлөөлдөг. Таныг 2001 онд энэ намд элссэнээс хойш улс оронд, танай намд нэлээд өөрчлөлт гарсан. Таны хувьд итгэл алдрах зүйл гарсан уу?
-Мэдээж хэрэг зарим нэгтэй нь санал нийлээгүй. Гэхдээ энэ нь хэвийн үзэгдэл ба нам бол амьд биет юм. Гэхдээ намынхаа харьяаллыг солих бодолгүй.
-Танай намыг 2012- 2013 онд хамгийн ихээр муучилсан. Эсэргүүцлийн цуглаан, Болотная талбай дахь хөдөлгөөн, сонгуулийн саналыг хулгайлсан гэх шүүмжлэл. Та энэ бүгдийн төлөө сэтгэл шаналж байв уу?
-Ийм зүйлийн тухай тодорхой хугацааны дараа л дүгнэж цэгнэх боломжтой байдаг. Харин одоо 2014 он гараад бахархах үйл явдал олон боллоо. “Нэгдсэн Орос орон” тэр үед шүүмжлэгчдийн үгийг сонссон гэж боддог. Манайд ардчилал байгаа болохоор гараад дуртайгаа ярьж болдог, эрх баригчид түүнийг нь сонсох үүрэгтэй байдаг. Тэр үед төр засаг иргэдийнхээ үгийг сонссон гэж боддог.
-Та В.Путиныг хэзээ ч юм дэмжиж байсан уу?
-Яагаад хэзээ ч юм гэж. Би Ерөнхийлөгчийг одоо ч дэмждэг.
-Би таныг өөр олон алдартны хамт Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путиныг дэмжсэн бичлэг хийлгэснийг ярьж байна. Дараа нь тэднийг найз нар нь шүүмжилсэн. Тухайлбал, Татьяна Тарасова Владимир Познерт ярилцлага өгөхдөө энэ тухай ярьсан.
-Хэн нэгэнд Ерөнхийлөгч таалагддаг бол заримд нь таалагдахгүй байх нь энгийн үзэгдэл. Гэхдээ В.Путиныг Оросын хүн амын олонхи нь дэмжиж байгаа нь маргаангүй үнэн. Хүмүүс эх оронд нь ямар эерэг өөрчлөлт гарч, олон улсын төвшинд нэр нөлөө нь бэхжиж байгааг харж байна. Спорт ч гэсэн өндийж, Олимпийн наадам сайхан боллоо. Арван жилийн өмнө Крымтэй ижил үйл явдал болсон бол бид яаж ч болохгүй байх байсан. Харин одоо надад улс орныхоо төлөө нүүр улайх зүйл алга.
-Тэгвэл та В.Путины бодлогыг бүрэн дэмжиж байна уу?
-Би Ерөнхийлөгчийг дэмждэг. Оросын иргэдийн олонхийн нэгэн адил би В.Путинд, түүний бодлогын төлөө санал өгсөн. Бид зөв сонголт хийснийг цаг хугацаа харуулж байна.
-Алина, та намайг уучлаарай, гэхдээ асуухгүй байж чадахгүй байна. Таныг В.Путинтэй хувийн харилцаатай гэсэн яриа 2008 оноос хойш гардаг болсон. Та энэ тухайд манай сониноор дамжуулан хариулж болох уу?
-Эдгээр цуу яриаг юуны түрүүнд сонин, сэтгүүлийнхэн рейтингээ өсгөх зорилгоор түгээдэг. Тэдгээр хэвлэл нэр хүндээ өсгөж, уншигчдыг татахын тулд өөр зүйл бодож олж чадаагүй бололтой. Үнэнийг хэлэхэд эмэгтэй хүний хувьд надад энэ бүхэн таагүй байдаг. Гэхдээ энэ нь нийгэмд эзэлж буй миний байр суурьтай холбоотой сөрөг тал гэдгийг ойлгодог. Заримдаа интернэтэд тавьсан тэр бүх хошин зураг, видео бичлэг зэргийг хараад заримдаа инээдэг, өөр зүйл үгүй.
-Тэгвэл нэг мөсөн хэлээд энэ сэдвийг хааж болохгүй юу?
-Цуу яриатай тэмцэх арга байдаггүй. Энэ яриаг түгээгчид хэзээ нэг цагт тайвширна гэдэгт найдъя.
-Алина, та одоо хэн нэгэнд дурласан уу, найз залуу байна уу?
-Бурхны ивээлээр надад хайр байна. Энэ бол маш их аз жаргал.
-Тэгвэл таны хуруун дахь энэ бөгж. Олимпийн бамбар бариад гүйж байхад олон хүн бөгжийг тань хараад очир эрдэнэ үү үгүй юу гээд хэлэлцэж байсан. Эсвэл өөр бөгж байсан уу?
-Тэгэхэд би ямар бөгжтэй байснаа санахгүй байна. Гэхдээ энэ бөгж лав очир эрдэнэ биш гэдгийг та харж байна. Хэн нэгний бөгж ямар болохыг галын өрөөндөө суугаад хэлэлцэх нь хэвийн зүйл. Ярьсан бүхэн минь хүмүүст битгий хор хүргээсэй гэдэг л надад хамгийн чухал байдаг. Хүн бүрт өөрийн гэсэн жижиг нууц байдаг. Надад ч гэсэн нууц бий. Намайг хайр хүрээлдэгт би жаргалтай байдаг. Гэхдээ аз жаргалаа үргээчихгүйн тулд баярлаж, сэтгэл ханах эрт байна.
-Уншигчид таны тухай бүхнийг мэдэхийг хүсдэг. Та хүүхэдтэй юу?
-Бүх эмэгтэйн нэгэн адил би хүүхэдтэй болохыг хүсдэг. Би энэ тухай мөрөөдөж, биелнэ гэдэгт найддаг. Гэхдээ одоогоор хүүхэдгүй.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Эцэст нь таны төрсөн өдөр майн баярын дараа хүмүүс хөдөө агаарт гарч явсны дараа болдог. Танд хувийн зуслан бий юу?
-Москвад надад зуслан байхгүй. Харин Оросын өөр нэг хотод бий. Цагтаа ээж минь надад тэр байшинг их аятайхан юм гэж сонгож өгсөн. Гэтэл намайг очиход нурах нь дөхсөн байшин болж таарсан. Гэхдээ надад таалагдаж, засвар хийхдээ бүх ханыг нь нурааж зөвхөн суурийг нь хуучнаар үлдээсэн. Тэр маань жижигхэн, тухтай болохоор би алжаалаа тайлахаар байнга очдог.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (1)
zochin (103.26.194.15)
zuvkhun tsuu yaria baij dee.