USHER: R&B бол сэтгэл хөдлөл, уянгалаг хөгжим, зөөлөн хоолой

-Миний карьер дуусч байна уу, үгүй юу гэдгийг энэ удаагийн сингл цомгоос харах хэрэгтэй.
-Өнөөдөр хүн болгон Таны урлагийн карьер дуусч байгаа тухай ярьж байна. Амжилтын тань талаар ер ярихгүй юм?

-Миний карьер дуусч байна уу, үгүй юу гэдгийг энэ удаагийн сингл цомгоос харах хэрэгтэй. Хамаагүй яаран дүгнэлт хийх нь буруу. Амжилтын тухайд гэвэл уран бүтээлч гэдэг хувь хүн үргэлжийн мөнхөд залуугаараа байх нь чухал. Мөн үргэлж шинийг эрэлхийлж, хаана ямар хөгжим хэрэгтэй байна түүнийг амилуулах нь гол юм. Намайг сүмийн найралд зогсдог байхад хэн ч таньдаггүй байлаа. Харин өнөөдөр дэлхий нийт анзаарч, миний тухай ярьж байна. Энэ бол амжилт, тийм үү. Миний өнөөдрийн амжилтад хамгийн их нөлөөлсөн хүн бол эмээ минь юм.

-Эмээгээс гадна ээжийг тань ч бас нөлөөлсөн гэж олон хүн ярьдаг. Та ээжээсээ илүү эмээгээ ярих юм. Энэ талаар?

-Мэдээж ээж гэдэг хүн байгаагүй бол би өнөөдөр Тантай ингээд ярьж суухгүй шүү дээ. Миний ээж надад бүхнээ зориулсан сайхан эмэгтэй. Харин одоо би ээждээ бүхнээ зориулж сайн хүү нь байхыг хичээж байна. Үүнийг минь үнэлж, урам хайрладаг олон сая хүн байгаад маш их баяртай байгаа.

-Та ээжийнхээ сайн хүү байхыг хичээж байгаа гэлээ. Тэгвэл яагаад менежерийн ажлаас нь халчихсан юм бэ?

-Надтай уулзсан хүн болгон энэ тухай асуух юм. Нэгдүгээрт, би ээжийгээ ажлаас нь халаагүй. Хоёрдугаарт, ажил хэргийн харилцаа гэр бүлийн харилцаанаас тэс ондоо зүйл. Ээж минь миний төлөө бүх зүйлийг хийсэн. Одоо ач нартайгаа өнгөрөөх цаг, амарч зугаалах хугацаа хэрэгтэй. Би энэ тухай түүнтэй ярилцсаны эцэст “халах” шийдвэрийг гаргасан. Халах ч гэж дээ ээж өөрөө “өргөдлөө” өгсөн. Энэ тухай ташаа ойлголттой яваа хүмүүст хандаж хэлэхэд менежер надад хэдэн зуугаараа олдоно. Харин ээж ганц л заяана. Ээжийгээ амьдад нь баярлуулж, жаргаах нь хүн бүхний үүрэг юм.

-Хип хоп, R&B-гийн алдартнуудтай хамтарч олон уран бүтээл туурвисан. Цаашдаа хамтарч ажиллах төлөвлөгөөтэй дуучин, хамтлаг байгаа юу?

-Би хувьдаа өөрийгөө хангалттай олон хүнтэй хамтарч ажилласан гэж боддог байлаа. P.Diddy, Will.i.am, R.Kelly зэрэг ододтой хамтарсан. Тэднээс их ч зүйлийг сурсан. Гэсэн ч надад мэдэхгүй, танихгүй их олон уран бүтээлч байдаг юм байна. Саяхан Австралийн нэг хамтлагийн дууг сонсоод зориуд ажил хэрэг болгож тэр хамтлагийг хайсан. “Empire of the Sun” нэртэй хамтлаг байсан юм билээ. Тэдний аялгуу надад үнэхээр их таалагдсан. Ер нь Та ч бас сонсоод үзэх хэрэгтэй. Энэ бол сурталчилгаа биш шүү /инээв/. Би чанартай уран бүтээлийг өндөрт үнэлдэг. Одоо тэдэнтэй хамтрах санаа байна. Миний бодлоор сайхан зохицно гэж найдаж байгаа.

-Таны залуу хамтрагч, дэлхийн рок поп хөгжмийн “нялх” од Justin Bieber-ийн тухай хүн болгон ярьж байна. Түүнийг Та маш их дэмждэг. Justin ч танаас их зүйлийг сурсан байх. Харин Та түүнээс юу сурч мэдэв?

 -Би түүнийг анх Youtube-ээс олж харсан. Тэр үнэхээр авьяаслаг дуучин. Бүхий л сэтгэл зүрхээрээ дуулж чаддаг нь надад маш их таалагдсан. Өнөөдрийн хүүхдүүдийн хөгжимд хандах хандлага биднийнхээс тэс ондоо болж. Дуугаа хүмүүст хүргэх арга зам ч өөрчлөгдөж байна. Мөн хөгжмийн ертөнц шинэ төвшинд иржээ. Би Justinаас их зүйлийг сурсан. Одоогийн залуус биднээс юу хүсч байгааг, тэд ямар хэмнэлд татагдаж буйг олж мэдсэн. Justin надаас илүү нэр алдартай болох гэрэлт ирээдүйтэй. Тэр хүүхдээрээ байгаа. Түүний сэтгэлийг хөргөчихөлгүй шиг авч явж байгаад өөрөөсөө илүү дуучин болгохыг л хүсч байна. Би түүнд өөртөө итгэж, зорилгоо тодорхойлох нь чухал гэж үргэлж хэлдэг
.
-Олон ч хүн таныг Майклын / Micheal Jackson/ хуулбар гэж хэлсэн. Гэхдээ Майкл таны сайн найз байсан. Таны сэтгэлд үлдсэн түүний дурсамжаас хуваалцвал?

-Хүмүүсийн тэгж ярих нь надад бүр ч их урам зориг өгдөг. Миний үеийнхэн бас өмнөх үеийнхэн Майклыг дууриагаагүй, түүнээс хуулаагүй гэвэл алдас болно. Майкл надад харамгүй зөвлөж байсан. Майклгүйгээр өнөөдрийн хөгжмийн ертөнцийг төсөөлөхөд хэцүү. 2001 онд “8701” тоглолтоо хийх гээд бэлтгэж байхад “Хийж буй зүйлдээ ухаантай ханд. Чиний хийсэн бүхэн түүх болон үлдэнэ” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй. Майклын энэ үг надад нэг талаар зөвлөгөө, сануулга мэт санагдсан ч нөгөө талаар тоглолтын минь үнэлэмж байсан. Намайг Майклын хуулбар гэж хэлсэн хүн бүхэнд баярлалаа. Би түүн шиг аугаа байж чадахгүй ч, түүний сайн “хуулбарлагч” байна гэдгээ амлая.

-Та “TLC” хамтлагийн дуучин Розандод зориулж “Confessions” цомог гаргаж байсан. Үүнд эхнэр тань эгдүүцдэг үү?

-Яг энэ асуултад хүн бүр янз янзаар хариулах байх. Дуугаараа хүмүүст аз жаргал бэлэглэж, сайхан хэмнэлийг хүргэхээс гадна өөрт тохиолдсон түүхээ хүүрнэж амьдралдаа битгий алдаж гишгээрэй гэж захих нь бидний үүрэг. Энэ нь нэг талдаа сонсогчид намайг илүү мэдэрнэ. Нөгөө талдаа би сонсогчдыг илүү мэдэрнэ гэсэн үг. Ингэснээр хэн хэндээ харилцан ашигтай уран бүтээл болж байгаа биз. Харин Розандод зориулсан цомогт маань Тамека /одоогийн эхнэр/ бусдаас илүү дуртай байдаг шүү.

-Тэгвэл Та удахгүй Таменкад зориулж цомог гаргах нь ээ?

-Тэгэлгүй яахав. Санаандгүй бас гэнэтийн санаа өгсөн Танд баярлалаа. Цомог энэ жилдээ багтаж гарах болно гэдгийг андгайлъя.

-Сүүлийн гурван асуулт. Хэрвээ Та дуучин болоогүй бол яг одоо юу хийж яваа бол?

-/хэсэг бодолхийлэв/ Энэ миний хувь тавилан гэж бодож явснаас бус хэрвээ би дуучин болоогүй бол гэж бодож үзээгүй юм байна. Гэхдээ би хүмүүстэй сайхан харилцдаг учраас харилцааны ажилтан байх байсан болов уу. Хэвлэлийн төлөөлөгч гэх мэтийн... /инээв/

-Сүүлийн 20 жилд гарсан R&B урсгалын хөгжлийн тухайд?

-Энэ зөвхөн миний бодол. Сүүлийн 20 жилд R&B урсгал ямар ч сэтгэл хөдлөлгүй болсон. Энэ нь дуучид дуугаа сэтгэлээрээ дуулахгүй байна гэсэн үг. Тэд зөвхөн R&B гэдэг үгэнд баригдаж жинхэнэ R&B хийх гэж зориод байна. Би жинхэнэ R&B бол сэтгэл хөдлөл, уянгалаг хөгжим, зөөлөн хоолой байдаг гэж ойлгодог. Энэ янзаараа явбал хүмүүс удахгүй жинхэнэ R&B-г мартах байх
.
-Та дуулсан дуунуудаасаа аль дуугаа илүү их сонсдог вэ?

-Бараг ялгаагүй дээ. Гэхдээ машиндаа явж байхад “Guilty” дуугаа сонсдог. Яагаад гэвэл энэ дуу цоо шинэ Usher-ийг төрүүлсэн болохоор.

JUSTIN TIMBERLAKE: БИ ТҮҮНИЙГ БУРХАН ГЭХГҮЙ. ГЭХДЭЭ ТЭР ХҮН...

-Та Usher-тай муугүй харилцаатай байдаг. Түүний тухай…?
-Тэр бол зүгээр л домог. Хэн ч түүний хийснийг давтаж чадахгүй. Би анх соло дуулж эхлэхдээ түүнээс багагүй зөвлөгөө авсан. “N’Sync” хамтлаг тарах болсон шалтгааныг бүгд л надтай холбон ярьж байхад Usher л миний зөв гэдгийг батлах гэж оролдсон. Би түүнийг бурхан гэхгүй. Гэхдээ тэр хүн.

TONI BRAXTON: ТЭР БОЛ МИНИЙ ХАЙР

-Нэг үе таныг Usher-тай хайр сэтгэлийн холбоотой гэсэн мэдээ цацагдаж байсан. Та хоёр ямар харилцаатай вэ?
-Тэр бол миний хайр /инээв/. Та гайхсан уу. Түүний нэг дуу ингэж эхэлдэг биз дээ. Бид хоёрын хооронд ямар ч хайр сэтгэлийн холбоо байхгүй. Үнэхээр сайхан найзууд. Тэр миний зөвлөх, би түүний шүтэн бишрэгч. Яг үнэнийг хэлэхэд түүн шиг хүн чанартай хүнийг хаанаас ч хайгаад олохгүй.

JUSTIN BIEBER: БИ ТҮҮНИЙГ ТӨРСӨН АХ ШИГЭЭ САНАЖ ЯВДАГ

-Ах, дүү хоёрын уран бүтээл цаашид хэрхэн үргэлжлэх бол. Тэр таныг загнадаг уу?
-Тэр намайг хэзээ ч загнаж байгаагүй. Ах хүний хувиар зөвлөх, хэлэх юм байлгүй яахав. Гэхдээ тэр надад ямар нэгэн зөвлөгөө өгөх үедээ яг л миний найз шиг болчихдог. Би түүнийг төрсөн ах шиг ээ санаж явдаг юм. Бас сайн найз ч гэж хэлж болох байх. Анх түүнтэй танилцахад маш их сандарч, чичирч байсан /инээв/. Одоо бол тэр миний хамгийн сайн найз

Дэлхийн одод түүний тухай ийн ярьжээ. Rhytm Blues /R&B/ хөгжмийн нэрт төлөөлөгч, дуучин, бүжигчин, продюссер, жүжигчин Usher 1978 оны аравдугаар сарын 14-нд АНУ-ын Даллас хотод айлын ганц хүү болон мэндэлжээ. Түүнийг нэг настай байхад эцэг нь орхин явсан аж. Тэр цагаас Usher ганцаардал гэгчийг мэдрэхийн дээдээр мэдэрсэн байдаг. Тухайн үед түүнд хань болж байсан ганцхан хүн эмээ нь юм. Түүнийг есөн нас хүрэхэд сүмийн найрал дуунд дуулуулах санааг эмэг эх нь бодож олсон гэдэг. Тэр цагаас эхлэн Usher-ийн дэлхийн од болох зам нээгдсэн аж. Ойрын хоёр хүнээ нэг сарын зайтай алдсан /домогт дуучин Майкл Жексон, түүний  өсгөсөн эмээ нь/ тэрбээр “Амьдрал надад аз жаргал бэлэглэсэн шигээ зовлон гунигийг ч бас бэлэглэлээ” хэмээн ярьсан удаатай.


www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)