Дэлхийн нэр хүндтэй хатагтай нарыг Ангела Меркель тэргүүлжээ

   "Форбс" сэтгүүл дэлхийн хамгийн нэр хүндтэй, нөлөөтэй 100 хатагтайг жил бүр тодруулдаг. Ийм жагсаалтыг тус сэтгүүл 2004 оноос хойш гаргаж байгаа бөгөөд 2013 онд дэлхий дахинд тэргүүлэгч байж чадсан нэр нөлөөтэй эмэгтэйчүүдийн чансааг тодорхойлсон шинэ жагсаалтыг саяхан гаргажээ.

 

     Энэ удаа хатагтай нарыг Германы Канцлер Ангела Меркель тэргүүлсэн байна. Тэрбээр эл жагсаалтыг найм дахиа тэргүүлж буй юм.

 

     Удаах байрт АНУ-ын Холбооны нөөцийн шинэ тэргүүн Жанет Йеллен бичигджээ. Энэ хатагтай дэлхийн нөлөө бүхий хүүхнүүдийн жагсаалтад анх удаа нэрлэгдэхдээ шууд хоёрдугаар байрт оржээ.

 

     Гуравдугаар байрт тэрбумтан Билл Гейтсийн гэргий 49 настай Мелинда орсон байна. Түүний нөхөртэйгөө хамт тэргүүлдэг буяны сангийн үйл ажиллагаа дэлхий дахины ядарч зүдэрсэн олон хүнд тус дэм болдог. Мелиндагийн сан 24 тэрбум гаруй ам.долларыг буяны үйлст зарцуулжээ. Тэрбээр өнгөрсөн жил энэ жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байсан юм.

 

     Нөлөөтэй хатагтай нарын дөрөвдүгээрт Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф оржээ. 66 настай энэ хатаггай өнгөрсөн онд гуравдугаарт бичигдэж байсан ч энэ жил нэг байр ухарсан байна.

 

     Дэлхийд нэр хүнд, нөлөөгөөр тэргүүлдэг эмэгтэйчүүдийн айргийн тавд Олон улсын валютын сангийн тэргүүн  Кристин Лагардыг нэрлэжээ.

 

     АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон "Форбс"-ыг ийм жагсаалт гаргаж эхэлснээс хойш нэг ч удаа өнжөөгүй нэрлэгдсэн. Түүнтэй хамт Мелинда Гейтс, Кристин Лагард, "Pep­siCo" компанийн ерөнхий захирал Индра Нуйи, хөтлөгч Опра Уинфри, "Sony Pictures""-ийн тэргүүн Эми Паскаль, Английн хатан хаан II Элизавета, "Temasek""-ийн гүйцэтгэх захирал Хо Чин нар ч бүтэн арван жил дэлхийн нөлөөтэй хатагтайгаар тодорч буй юм. Гэхдээ Хиллари энэ удаа зургадугаарт орсон байна. Харин долдугаар байрт "Gen­eral Motors""-ын ерөнхий захирал Мэри Барра, наймдугаарт Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама, есдүгээр байрт "Facebook""-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сэндбергийг нэрлэсэн байна.

 

     Энэ удаа дэлхийд тэргүүлэгч хүүхнүүдийн жагсаалтын аравдугаарт IBM корпорацийн анхны эмэгтэй захирал Виржиния Рометти бичигдсэн бөгөөд түүнээс өмнө 100 гаруй жилийн турш энэ корпорацийг зөвхөн эрчүүд толгойлж ирсэн юм

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)