П.Порошенко: Би ерөнхийлөгч боллоо гээд телевизээ худалдахгүй
- 2014-06-03
- Дэлхий
- 0
Украинд өнгөрсөн ням гаригт болсон сонгуулиар олонд “Шоколадны хаан” нэрээрээ танил болсон тэрбумтан П.Порошенко ялалт байгуулсан. Тэрбээр энэ сонгуулиар Киевийн хотын захирагч болсон Виталий Кличкотой хамт Германы “Bild” сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгснийг хүргэе.
-Украины эдийн засаг сүйрч, улс орон тань зүүн, баруун гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, өдөр бүр хүмүүс амь насаа алдаж байна. Та Ерөнхийлөгч болсныхоо дараа ямар эрсдэлтэй тулгарна гэж харж байна вэ?

П.П: Би их амбицтай хүн. Манай оронд тулгараад буй асуудал ийм том байгаагүй бол Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхгүй байх байсан. Улс төрд ороогүй байсан ч хийх ажил хангалттай байна. Гэхдээ өнөөгийн нөхцөлд улс орноо бүхий л арга чаргаар аврах хэрэгтэй гэж боддог. Бид одоо зүүн мужуудтай дайны байдалд, Крымийн хойгийг Орос эзлэн авсан маш тогтворгүй нөхцөлд амьдарч байна. Бид хариу үйлдэл хийх хэрэгтэй.
-В.Кличко, та Майданы эсэргүүцлийн ажиллагааны дараа иргэдийн олонхи нь ийм олигархийг Ерөнхийлөгч болгохын төлөө санал өгнө гэж бодож байсан уу?
В.К: Энэ бол Петро Порошенко бид хоёрын хамтдаа бүтээсэн түүхэн үйл хэрэг. Порошенко чадварлаг бизнесмэн гэдэг нь түүний нэр хүндэд яагаад муугаар нөлөөлөх ёстой гэж. Тэрбээр бидний л нэгэн адил Майдан дээр тэмцэж, телевиз нь үйл явдлуудыг долоо хоногийн 24 цагийн турш мэдээлж байсан. Хүсэл зорилгоос нь болж Оросын тал түүний эзэмшдэг “Рошен” группийн эсрэг импортын хориг арга хэмжээ авсан. П.Порошенко миний нэгэн адил Украин орноо өөрчлөх хүсэлтэй нэгэн.
-Украины зүүн хэсэг дэх нөхцөл байдал өдөр ирэх тусам дордож байна. Та одоо армиа удирдаж байна уу?
П.П: -Би Ерөнхийлөгчийн тангаргаа өргөөгүй болохоор тушаал өгөх эрхгүй. Гэхдээ би Засгийн газартай нягт холбоотой ажиллаж байгаа. Алан хядагчдын эсрэг ажиллагаа ямартай ч хэрэгжиж эхэллээ гэж боддог. Алан хядагчид хүмүүсийг барьцаалж, буудан хороож, барилгуудыг эзлэн хуулийг урвуулан ашиглаж байгааг цаашид тэвчихгүй. Бид энэ бүх аймшгийг зогсооно. Энд манай орны эсрэг жинхэнэ дайн өрнөж байна.
-Хүмүүс энэ талаар ямар бодолтой байдаг бол?
В.К: Хүмүүс маш их түгшиж байна. Зүүн мужийн иргэдийг хэчнээн их айлгаж, тэд байнгын түгшүүр дунд амьдарч байгааг найз нөхдөөсөө сонсоход гуниг, уур хилэн хоёр нэгэн зэрэг төрдөг. Бид энхтайванч ард иргэдтэй хэлэлцээр хийхийг хүсдэг. Бид бүс нутгуудад илүү их эрх мэдэл олгохыг хүсч байна. Гэхдээ зарим хотод алан хядагчид бүхнийг гартаа авсныг хүлээн зөвшөөрч болохгүй.
-Та салан тусгаарлагчдын удирдагчдыг устгах зорилт тавьсан уу?
П.П: Бид тэднийг баривчилж, шүүх бодолтой байгаа. Гэхдээ өвч зэвсэглэсэн хүмүүс цэргүүдийг буудан хороож байхад тэд өөрсдийгөө хамгаалах нь зайлшгүй. Ерөнхийлөгч болохын хувьд одоо арми миний нэн тэргүүний зорилт болсон. Дайны цагт бид цэргүүдээ хэрэгцээт зүйлсээр нэн яаралтай хангахад илүү ихийг зарцуулах хэрэгтэй.
В.К: Төрийн зүгээс дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ бид иргэдээс хандив авах хэрэгтэй. Украинчуудын аюулгүй байдлын төлөө тулалдаж буй цэргүүд сумнаас хамгаалах сайн хантаазгүй байж болохгүй.
-Салан тусгаарлагчид Оросоос хэр их дэмжлэг авч байна вэ?
П.П: Тэд Оросоос зэр зэвсэг авч, зэвсэгт дайчид нь хилийн цаана Оросын нутаг дахь сургалтын баазуудаас нааш нэвтрэн орж ирж байна. Оросын зорилго бол Украин дахь нөхцөл байдлыг тогтворгүй хэвээр үлдээх. Тэгсэн цагт бид Оросоос тулгасан бүхнийг хүлээн авахаас өөр замгүй болно. Гэхдээ сонгуулиас гарсан эрс үр дүнг хараад В.Путин гайхсан нь тодорхой. Ардчилсан сонгууль бол Оросын заналхийлэлд өгөх хариу юм.
-В.Путин зүүн мужууд дахь зөрчилдөөнийг зогсоож чадах болов уу?
П.П: В.Путин шууд нөлөөлж байгаагийн хувьд энэхүү тулааныг даруй зогсоож чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний тод жишээ бол Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ ажиглагч Германы иргэдийг барьцаалахад В.Путин хүсэлт тавьж, тэднийг суллуулсан үйл явдал юм. Би В.Путинтэй ярилцаж, шууд хэлэлцээр хийн нөхцөл байдлыг тогтворжуулахыг хүсч байна. Бид ер нь бүхий л арга замаар Орост шахалт үзүүлэхээ цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Дахин давтаж хэлэхэд дээрх эдийн засгийн хориг нь зөвхөн Украинд зориулсан биш дэлхийн аюулгүй байдлын төлөө авч буй арга хэмжээ юм.
-Та бүхэнд НАТО-гийн гишүүн болох бодол бий юү?
П.П: Одоогоор манай оронд НАТО-д элсэхийг шаардсан уриалга сонсогдохгүй байна. Украиныг цэрэг зэвсгийн хувьд хамгаалах зорилгоор АНУ болон Европтой аюулгүй байдлын салбарт шинээр эвсэл байгуулах шаардлага бидэнд байна. Ерөнхийлөгчийн хувьд ийм эвсэл байгуулахын төлөө тэмцэж, шаардлагатай алхмуудыг нэн даруй авч хэрэгжүүлнэ. Бид цагтаа ОХУ-аас аюулгүй байдлын баталгаа авч, хариуд нь цөмийн зэвсгээсээ татгалзсан. Гэтэл одоо тэдгээр баталгаа ямар ч үнэ цэнэгүй, бидэнд шинэ эвсэл, холбоо шаардлагатай байгааг харлаа.
-В.Кличко, та Киев хотын захирагчийн ажилдаа голчлон анхаарахыг хүсч байна. Та Майданы талбайг цэвэрлүүлэх үү?
В.К: Ардчилсан сонгууль болсноор Майданы зорилт одоогоор биелсэн. Хүмүүсийг эргээд ажилдаа орж, хотын захиргаа зэрэг олон барилгыг чөлөөлөхийг шаардаж, ятгахад надад маш олон уулзалт хийх шаардлага тулгарлаа. Бид шинэ бүтцээ байгуулсны дараа авлигын эсрэг тэмцлээ өрнүүлэх боломжтой болно. Хотын захиргааны барилгад иргэдтэй хийсэн эхний хэлэлцээр нэлээд нааштай болсон, хүмүүст бүхнийг шинээр эхлэх хүсэл байгааг мэдэрсэн.
-Улс орны хувьд та ямар ирээдүйг харж байна?
П.П: Би тун өөдрөг хүн. Орос орон хамтран ажиллах хүсэлтэй байвал хэдхэн сарын дотор энх тайван тогтоож чадна гэдэгт итгэдэг. Дараа нь бид эдийн засагтаа анхаарч, авлигатай тэмцэх хэрэгтэй. Бид энэ бүхнийг Европын холбоотой байгуулах түншлэлийн гэрээний үндсэн дээр хийнэ. Олон улсын төвшинд бүхнийг шалгах боломжтой. Бид тунгалаг байж, шинэ Украиныг хүлээн авахад нээлттэй байх хэрэгтэй. Майданы тэмцэл өрнөхөөс өмнө залуус эх орноо орхин явахыг хүсдэг байсан. Харин одоо тэдний олонхи эндээ үлдэж, ямар нэг шинэ зүйл бүтээхийг эрмэлзэх боллоо.
-Та баруунаас ямар тусламж хүлээж байна вэ?
П.П: Би Германы канцлер А.Меркель зэрэг Европын холбооны орнуудын удирдагчидтай утсаар нэлээн яриа өрнүүлсэн. Бид эв санаа нэгтэй хэвээр байж, тусална гэдэгт найдаж байна. Украинд энх тайван тогтоохын тулд бидэнд дэмжлэг хэрэгтэй. В.К: Би Германы хөрөнгө оруулалтыг татахын төлөө ажиллаж, ажлын байр бий болгохын тулд хэлхээ холбоотой ашиглах болно. Би Герман болон Европын бусад орны олон улстөрчтэй нягт холбоотой байдаг. Украин дахь авлигын эсрэг, ардчиллын төлөөх бидний тэмцлийг тэд цаашид ч дэмжинэ гэдэгт итгэдэг.
-Та Ерөнхийлөгчийн хувьд Европын орнуудад хэзээ айлчлал хийх вэ?
П.П: Бидэнд олон урилга ирсэн. Биднийг АНУ, Европ болон дэлхий дахин дэмжиж байгаад баяртай байна. Миний гадаад айлчлал Польшоос эхэлнэ. Түүнчлэн биднийг ирэх зургадугаар сарын 6-ны өдөр Парист болох D-өдрийн / Нормандид холбоотны цэрэг буусан ой/ ёслолын арга хэмжээнд урьсан. -В.Путин бас тэр арга хэмжээнд оролцоно.
Танд тэр үеэр шууд хэлэлцээр хийх бодол байна уу?
П.П: Бид нөхцөл байдлыг намжааж, энхтайван тогтоохын тулд В.Путинтэй хэлэлцээр хийнэ.
-Та Ерөнхийлөгч болоод “Рошен” группээ худалдахыг хүсч байгаа хэрнээ телевизээ өөрийн хэвээр байлгахыг хүслээ?
П.П: Тэр бол хувьсгал ялахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бие даасан суваг. Энэ бол хөрөнгө мөнгөний асуудал биш, тус байгууллагыг би бие даагаад хэн нэгэнд худалдвал улс оронд минь аюул тулгарна. Би тэр сувагт ямар нэг нөлөө үзүүлдэггүй ба тэнд шийдвэр гаргадаг хүмүүс нь сэтгүүлчид байдаг.

Сэтгэгдэл (2)
zochin (103.10.22.97)
ene irgen ***** pizdakaa yu ch medexgvi baij .
иргэн (103.26.193.12)
Энэ мангар Украйнаар тоглочихсон хүмүүсийн нэг шүү дээ. Явахгүй дээ. Улс төр бол боксын ринг биш.