Түрүүчийг таван хүнээр солилцлоо

Талибаны удирдагч Мулла Омар 2001 онд Афганистанаас зугтан гарснаас хойш хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарах нь битгий хэл хаана байгаа нь мэдэгдэхгүй таг чиг болсон билээ. Өчигдөр тэрбээр мэдэгдэл хийсэн нь ер бусын алхам байлаа. Мулла Омар хийсэн мэдэгдэлдээ, Талибуудын олзонд байсан Америкийн цэргийн албан хаагчийг Гуантанамод хоригдож байсан таван хүнээр солилцож буйг “аугаа ялалт” хэмээн цохон тэмдэглэжээ. АНУ-ын армийн түрүүч Боу Бергдал бараг таван жилийн туршид талибуудын олзонд байсан ба өнгөрөгч бямба гарагт түүнийг Афганистан дахь Америкийн цэрэгт хүлээлгэн өгсөн юм. Энэ талаар дэлхийн хэвлэл мэдээллийнхэн гол мэдээгээ болгон цацаж, Цагаан ордон энэ солилцоог талибуудад буулт хийж, терроризмтай хийх тэмцлээс ухарлаа гэсэн Бүгд Найрамдахчуудын шүүмжлэлд эерэг байр сууринаас тайлбар хийж байна. 28 настай түрүүч Боу Бергдал Герман дахь америкийн цэргийн эмнэлэгт хэвтэн шинжилгээ өгч эхэлсэн гэдгийг хэвлэлүүд мэдээллээ. Ням гарагт түүний эцэг эх хүүгийнхээ биеийн байдлыг сэргээхэд удаан хугацаа орно гэдгийг сэтгэл догдлон хэлжээ. Мөн Боу Бергдалын эцэг эх хүүд нь англиар ярих бэрхшээлтэй байгаа гэдгийг дурдлаа. “Боу ийм удаан хугацаанд байхгүй байж байгаад дассан амьдралдаа эргэж ороход маш хүнд” гэдгийг түрүүчийн аав Роберт Бергдал төрөлх Айдахо мужид болсон хэвлэлийн хурал дээр хэлжээ. Түрүүч Бергдал талибуудын олзонд байсан цорын ганц цэргийн албан хаагч юм. Түүнийг дараах таван хүнээр сольсон юм. 
 Мухамед Фазль: 2001 онд АНУ-ын цэргийн ажиллагааны үед Талибаны Засгийн газарт Батлан Хамгаалахын орлогч сайд байсан. Түүнийг цэргийн гэмт хэрэг, түүний дотор мянга мянган шийт шашинтнуудыг устгасан хэмээн буруутгажээ. Хирулла Хаирхва: Талибын Засгийн газарт өндөр албан тушаалуудад ажиллаж байсан, Дотоод Хэргийн сайд, Герат мужийн амбан захирагч асан, Осама бин Ладентай шууд холбоотой байсан.
 Абдул Хак Васик: Талибын Засгийн газарт Тагнуулын орлогч сайд байсан. АНУ болон олон улсын эвсэлтэй тэмцэхэд талибууд болон бусад хэт үзэлтнүүдийн холбоог байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Мулла Норулла Нури: Талибуудын дээд тушаалын командлагч, амбан захирагчаар ажиллаж байсан. Түүнийг шийт шашинтнуудыг хомроголон устгаж байсан гэж буруутгасан. 
Мухамед Наби Омари: Талибан хөдөлгөөнд өндөр албан тушаалд ажиллаж байсан. Олон улсын цэргийн эвслийн эсрэг довтолгоо зохион байгуулсан Боу Бергдалаар сольсон эдгээр таван хүн Афганистаны хамгийн өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүс бөгөөд 2001 оны цэргийн үйл ажиллагааны үеэр олзлогдон Куба дахь Америкийн цэргийн бааз Гуантанамогийн хорих газар хоригдож байв. Тэднийг Катар улс уруу илгээсэн ба солилцооны гэрээнд заасан ёсоор нэг жилийн хугацаанд тус улсыг орхиж болохгүй юм. АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Чак Хайгел солилцоо хийх болсон шалтгааныг Америкийн засаг захиргаа Бергдалын амь нас аюулд учирсан гэж үзсэнтэй холбон тайлбарлажээ. Түрүүч Боу Бергдал Пакистаны хилийн ойролцоо явган цэргийн ангид алба хааж байсан аж. Тэрбээр Афганистанд ирснээсээ хойш хэдхэн сарын дараа буюу 2009 оны зургадугаар сарын 30-ны өдөр алга болжээ. Түүний алга болсон шалтгаан тодорхойгүй байгаа юм. Зарим эх сурвалжаас үзвэл баазаа орхин оргон зайлсан гэсэн мэдээлэл байгаа. Америкийн албаны хүмүүсийн үзэж буйгаар түүнийг цэргээс оргосон гэж үзэх үндэслэл илүү гэж байгаа ч энэ мэдээллийг сайтар шалгах шаардлагатай байгааг нуусангүй. Цагаан ордны дээрх үйл ажиллагааг Америкийн Бүгд Найрамдахчууд төдийгүй Афганистаны Засгийн Газар хурцаар шүүмжилж байгаа юм. Тэд Талибан хөдөлгөөний олзлогсдыг гуравдагч талд хүлээлгэн өгөхийг эсэргүүцэж, энэ нь олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэг хэмээн үзэж байна. Үүнийг Америкийн тал энэ гэрээ маш удаан хугацаанд яригдсаны эцэст хийгдсэн, мөн асуудлыг Катарын оролцоотой шийдсэн учир олон улсын хууль эрх зүйг зөрчөөгүй хэмээн тайлбарлаж байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • nomuun (103.11.192.34)

    2014-06-04

    Guantanamo gej aimshgin gedeg yg bagadaxaar xargis shorongoos 1 ch gesen xyn sullagdaj bgaa burxnii avral. Xynii erx, erx choloonii bileg temdeg gej oorsdiigoo nerledeg amerikchuud Guantanamod xynii yndsen yazguur erxiig yaaj deed tsegt n xyrtel zorchij baisaniig delxii niit xediinee xarsan. Ene shorong Buxenvaildiin xorix lagertai zyirlej boloxuits sanagddag.