Оросыг ганцаардуулах Натогийн бодлого үргэлжилж байна
- 2014-06-05
- Дэлхий
- 0
Орос-НАТО-гийн зөвлөлийн хуралдаан Луганск дахь шинэ тулааны ид үед Брюссель хотноо боллоо. НАТО-гийн гишүүн орнуудын Батлан Хамгаалахын сайд нар Украинтай харилцах Оросын гадаад бодлого, түүний удаан хугацааны стратегийн үр дагавар, хариу үйл ажиллагаа явуулах талаар авч хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм. ОХУ болон Умард Атлантын эвслийн хоорондын харилцаа Крымийн хойгийн асуудлаас болж хурцдаад байсан билээ. Крымийн хойг Алтан ордны улсаас хойш үнэндээ Оросын үндсэн нутаг байсныг түүх сөхөн үзвэл аяндаа хэлээд өгнө. Гэвч Хрущевын үед тус хойгийг Украинд бэлэглэсэн нэг явдал байдаг агаад Украинд өрнөсөн эмх замбараагүй байдлын улмаас тэнд амьдардаг орос иргэд Оросыг бараадахыг дэмжсэн энэ явдлыг ОХУ зөв хэмээн зүтгэж, эгнээндээ авсан төдийгүй Севастополь, Крымийн түүхийг шинээр бичсэн сурах бичиг зохиохоор болсон байдаг. Энэ үйл ажиллагааг НАТО-гийн улс үл хүлээн зөвшөөрч, булаан эзлэлт гэж үзэн эсэргүүцлээ янз бүрээр илэрхийлсээр өнөөг хүрчээ. НАТО дахь ОХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч Александр Грушко даваа гаригт Орос-НАТО-гийн хамтын ажиллагааны гэрээнээс гарч болох тухай асуудал хөндөж мэдэгдэл хийв. Учир нь Төв болон Дорнод Европын орнуудад НАТО-гийн цэргийн хүчийг нэмж байршуулахтай холбоотойгоор ийм мэдэгдэл хийсэн хэрэг. Одоогоор НАТО-гийн цэргийн хүчин Балти орчим буюу Латви, Литва, Эстон, Польш, Германд тодорхой гэрээний дагуу байрлаж байгаа юм. Европын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн дээр дурдсан хамтын ажиллагааны гэрээ ийнхүү дуусгавар болно гэвэл асуудал багагүй ээдрээтэй болно гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна. Брюссель дэхь уулзалтын үеэр ярьсан бүх асуудал есдүгээр сард Британид болох дээд хэмжээний уулзалтын “тулгуур шийдвэр” байх болно гэдгийг Франс пресс агентлаг уламжиллаа. Эвслийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр Орос- НАТО-гийн хамтарсан хуралдаан Украин дахь нөхцөл байдлын талаар “илэн далангүй санал солилцсон” уур амьсгалд болжээ. НАТО-гийн гишүүд “Крымийг хууль бусаар нэгтгэснийг эсэргүүцсэн хатуу бөгөөд тодорхой байр суурьтай байгаа гэдгээ давтан илэрхийллээ” гэж эвслийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Оана Лунгеску мэдэгдэж байна. Хатагтай Лунгеску цааш нь “Тэд хүсэхгүй байсан ч юу болж байгааг ойлгох хэрэгтэй. Украйны эв нэгдлийг дэмжигчдийн идэвхтэй оролцсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүндэтгэн үзээд Оросын тал Украины шинэ Ерөнхийлөгчтэй хэл амаа ололцох талаар бодолцох нь зүйтэй” гэж хэлсэн юм. Мөн тэрбээр НАТО Оросуудад хандан “олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ ягштал биелүүлж, хил давуулан зэр зэвсэг зөөж Украинаас салан тусгаарлагчдыг дэмжихээ зогсоох”-ыг уриалж байна гэдгийг хэллээ. Харин үүний хариу болгож Оросын бүрэн эрхт төлөөлөгч Александр Грушко Орос-НАТО-гийн хуралдааны дараа “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө “шинэ нато -чуудын Оростой харилцах харилцаа цэргийн байгууламжид илүү чиглэж, зүүн жигүүрээ өргөжүүлэхэд ханцуй шамлан орж байгаа нь нууц биш болжээ. Өрнөдийнхөн эртнээс ийм үйл ажиллагааг мөрөөдөж байсан нь илт байна. Украины асуудал, Крымийн хойг бол ердөө шалтаг. Оросын аюулгүй байдал ганхахгүй байхын тулд бид ч гэсэн хариу арга хэмжээ авах болно” гэлээ. Грушко бас энэ бүхэн эцсийн дүндээ Европыг хүйтэн дайны жилүүдэд эргүүлэн оруулж, зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ урсгалыг эхлүүлж байна гэдгийг хэллээ. Дэлхийн эдийн засаг хямрах нь сайн үр дүнд хүргэдэггүй бөгөөд үүний хариуд дайн, самуун, өдөөн хатгалга, сөргөлдөөн хурцдаж байдаг зүй тогтолыг санаж харилцан бие биеэ хүндэтгэх, ойлголцох нь чухал болохыг хоёр тал хүлээн зөвшөөрсөн ч өөр өөрийн байр сууриа ирэх есдүгээр сар хүртэл хадгалсаар байх болсныг Грушко мөн тэмдэглэлээ. Брюссельд болсон хамтарсан хурлаар ажиглагдсан нэг зүйл бол НАТО олон зүйлийг төлөвлөсөн болох нь мэдэгдэж буйг ажиглагчид хэлж байгаа юм. Юуны түрүүнд Өрнөдийнхөн Оросыг ганцаардуулах гэсэн бодлогоо үргэлжлүүлэх, үүнтэй зэрэгцэн Зүүн Европт илүү гүн бэхжих, цэргийн байгууламж байгуулах ажлыг эхлүүлэх сонирхолтой байна. Хоёр талын мэтгэлцээн хэрхэн өрнөхийг таахад бэрх хэдий ч гарах гарц байгаа гэдэгт олон нийт эргэлзэхгүй байна. Украины удирдлага болон Өрнөдийн орнууд Украины зүүн хэсэг дэх зэвсэгт салан тусгаарлагчдыг дэмжиж байна хэмээн Оросыг буруутгасаар байгаа. Украины зүүн хил салан тусгаарлагчдын мэдэлд байгаа болохоор түүгээр дамжуулан Оросын талаас зэвсэг, техник хэрэгсэл орж ирсээр байна. Үүний улмаас салан тусгаарлагчид сайтар эсэргүүцсээр байна гэж тэд үзэж байгаа юм. Харин Оросын талаас үүнийг үгүйсгэж, Украины хил орчмын бүсэд гарч буй эмх замбараагүй байдалд огтхон ч хамаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсээр байна

Сэтгэгдэл (1)
(99.149.198.184)
ingej l hoorond ni hagaraldyylj hereldyylj ard tymniig dautyylj baylgiig ni avdag gedeg ynen bololtoi.ard tymen hoorondoo myydaad l aildaad teneg tomchyyd ni shireegee bylaaltsaldaad l .dyd hydlaa onol yryaud l tsaagyyr ni gazar nytag ed bayulgiig ni deeremdeed . yneheer shalgarsan arga.shalgarsa ardchilal geech ni ee.bid ingej bolohgyi ee...medeej orosiig hantsaardyylah gej...gantsaardahgyi ee.orosiin agyy oron