Б.Обама: Зүүн Европыг хамгаалах нь манай нэн тэргүүний зорилт
- 2014-06-05
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн мягмар гаригт Европт хийх айлчлалаа эхлүүлжээ. Түүний хувьд энэ бол шинэ он гарснаас хойш Европт хийж буй хоёр дахь айлчлал нь юм.

Польшийн эрх баригчдыг тайвшруулах нь
Ерөнхийлөгч Б.Обамаг өнгөрсөн мягмар гаригт Варшав хотын “Окенче” нисэх буудалд Польшийн Ерөнхийлөгч Б.Коморовски угтжээ. Б.Обама өөрийг нь угтан авсан Польшийн төрийн тэргүүнтэй хамт байлдааны “F- 16” сөнөөгч онгоцны нисгэгч, польш болон америкийн цэргийн албан хаагчидтай уулзсан байна. Энэ үеэр Б.Обама “Польш, төв болон зүүн Европын бусад орны аюулгүй байдлыг хангах талаар авсан амлалтууд нь манай аюулгүй байдлын бодлогод тэргүүн байр суурь эзэлдэг тул бидний хувьд ариун үйл хэрэг” хэмээн мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч энэ удаагийн айлчлалын явцад Польшид коммунист тогтолцоо нуран унаж, анхны ардчилсан сонгууль болсны 25 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцлоо. Үүнийхээ дараа тэрбээр төв болон зүүн Европын 10 орны төр, засгийн тэргүүн оролцсон уулзалтад орсон байна. Энэ уулзалтад Украины Ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон П.Порошенко оролцсон юм. Б.Обама айлчлалынхаа явцад “Киев өдгөө 25 жилийн өмнөхтэй ижил асуудалтай тулгараад байна. Гэхдээ өмнө нь тэд ялсан” гэж мэдэгджээ. Үүгээрээ тэрбээр ОХУ-д анхааруулга өгөхийг хүссэн бололтой. Барак Обама хуучин социалист лагерийн бүрэлдэхүүнд байсан орнуудыг хяналтдаа байлгаж, тэднийг дэмжих бодлого баримталж байгаа билээ. Энэ зорилгоор тэрбээр зүүн Европын орнуудад нэмж цэрэг байршуулах, цэргийн анги нэгтгэлүүдийг илүү сайн сургаж, хангах зорилгоор нэг тэрбум ам.долларын тусгай сан байгуулж, зарцуулахаар болсноо зарласан юм. Гэхдээ энэ бол үнэндээ тэдгээр орны аюулгүй байдлыг хангахад хангалттай хэмжээний хөрөнгө биш харин шинэ холбоотнуудаа тайвшруулах гэсэн оролдлого юм. Дээр нь зүүн Европын орнууд дахь АНУ-ын талыг баримтлагч улс төрийн хүчнүүдийн нэлээд хэсэг нь Вашингтон зүгээс туйлбартай бодлого явуулдаггүйд нь итгэл алдрах байдал гаргах болсон. Тухайлбал, Польш, Чехэд байршуулахаар төлөвлөж байсан боловч дараа нь татгалзахад хүрсэн Пуужингаас хамгаалах систем /ПХС/ бол үүний тод томруун жишээ юм. АНУ-ын ПХС- ийг байршуулахтай холбоотойгоор дээрх хоёр орон Москватай тогтоосон харилцаагаа таагүй болгож, ОХУ энэхүү системийн байршуулсны хариу болгож, Калининград мужид “Искандер” пуужингуудаа байршуулсан юм. ОХУ өнгөрсөн гуравдугаар сард Украины мэдэлд байсан Крымийг өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэх үед Ерөнхийлөгч Б.Обама Бүгд найрамдах намынхны зүгээс хатуу байр суурь баримталж чадаагүй гэсэн шүүмжлэлд өртөж байв. Тиймээс тэрбээр үнэнч холбоотнуудаа НАТО- гийн бүрэлдэхүүнд байгаа цагт Оросоос айх хэрэггүй хэмээн тайвшруулах зорилго тавьсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Польшийн Ерөнхий сайд Д.Тусктэй уулзах үерээ НАТО-гийн асуудлыг голчлон ярилцсан байна.
“Их долоо”-гийн зөрчлийг арилга хуй
Ерөнхийлөгч Б.Обама өчигдөр Польшоос нисч Бельги очсон байна. Тэрбээр Украины хямралыг хэлэлцэхээр чуулж буй барууны томоохон орнуудын удирдагч нартай Брюссель хотноо уулзлаа. Брюссель хотноо болж буй энэхүү уулзалт нь Сочи хотноо болох байсан “Их найм”-ын уулзалтыг орлох үүрэгтэй билээ. Крымийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулсны дараа Сочи дахь “Их найм”-ын уулзалтыг цуцалж, энэ байгууллага дахь Оросын оролцоог хүчингүй болгосон. Энэ уулзалтын явцад Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авахаар төлөвлөөгүй байна. Өмнө нь Украины Ерөнхийлөгчийн сонгууль болж, Оросын тал Украины хил дагуу байршуулсан цэргээ татаж эхэлсэн болохоор хориг арга хэмжээ авах ямар нэг шалтаг алга байгаа юм. Дээр нь “Их долоо”–гийн гишүүд энэ талаар баримталж буй зөрүүтэй байр сууриа хэлэлцэх учиртай байв. АНУ-ын тал өмнө нь Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг нэлээд шаргуу шаардсан боловч Европын орнууд тийм эрс алхам хийхийн эсрэг байр суурьтай байсан юм. АНУ-тай харьцуулахад Европын орнууд Оростой хийдэг худалдааны хэмжээ хавьгүй их, дээр нь “Газпром”-оос нийлүүлдэг шатдаг хийн нийлүүлэлтээс нэлээд хамааралтай байдаг. АНУ- ын тал Европын орнуудын шатдаг хийн хамаарлыг арилгах дээр нь өөрийн нутагт хэрэгжүүлж буй занарын хийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Польшид шингэрүүлсэн хий хүлээн авах дэд бүтэц байгуулах чиглэлээр хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.
Нормандид Украины хямралыг албан бусаар хэлэлцэнэ
Ерөнхийлөгч Б.Обамагийн Европын орнуудаар хийх айлчлалын эцсийн цэг нь Франц орон буюу Нормандын эрэг байх юм. Ирэх баасан гаригт тэнд Дэлхийн хоёрдугаар дайны үеэр холбоотны цэргүүд 1944 онд Францын эрэгт бууж, Европт хоёрдугаар фронт нээсний 70 жилийн ойн арга хэмжээ болно. Б.Обама өнөөдөр Францын Ерөнхийлөгч Ф.Олландтай уулзаж, баасан гаригт далайн эрэгт орших Омаха хэмээх газарт болох ёслолд оролцох юм. Энэ ёслолд Францын Ерөнхийлөгчийн зочид болох В.Путин болон П.Порошенко нар оролцоно. Б.Обамагийн хөтөлбөрт энэ хоёр Ерөнхийлөгчтэй уулзах тухай заалт ороогүй боловч энэ уулзалт нь ерөнхийдөө Украины хямралыг хэлэлцэх албан бус дээд хэмжээний уулзалтын шинж чанартай болох аж. Энэхүү хямралтай холбоотой гол гурван талын төлөөллийг урьснаар Ф.Олланд тэднийг эвлэрүүлэх анхны алхмыг хийхийг оролдоно

Сэтгэгдэл (1)
зочин (183.177.97.21)
манай ерөнхий саад сэтгүүлчидтэй, Алтанхуягийг тээрэмдэх газартай баахан маргах юм обама дэлхийгээр явж баахан хэрүүл хийх юм. яг адилхан. энд тэнд очоод оросыг баахан муулах юм. хүн муутай гар уу