Хятад АНУ-тай анх удаа хамтарсан сургуулилт хийнэ

 Хятад АНУ­тай анх удаа тэнгисийн цэргийн сургуулилт хийнэ гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв. “RIMPAC” буюу Номхон далайн хөвөө нэртэй энэ сургуулилт нь дэлхийн хамгийн том олон улсын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт бөгөөд АНУ, Канад, Их Британи, Австрали, Шинэ­Зеланд зэрэг олон орон багтдаг юм. Харин энэ оны сургуулилтад Хятад Улс анх удаа багтаж, үүгээрээ АНУ­тай анх удаа хамтарсан сургуулилт хийх гэж байна. АНУ-­ын санаачилгаар 1971 оноос хойш жил бүр зохиож буй уг сургуулилт энэ сарын 26­ наас ирэх наймдугаар сарын 1 хүртэл Хавайн ойролцоо болно. Зуны энэхүү сургуулилт болох газар болгон цагийн хуваарийг жил бүр өөрчилдөг агаад энэ удаагийн Хавайн сургуулилтад 23 орны 47 хөлөг онгоц, зургаан шумбагч, 200 гаруй нисэх онгоц, 25 мянган далайчин оролцоно гэж АНУ-­ын Номхон далайн флотын цахим хуудаст мэдээлжээ. Харин Хятад Улс энэ сургуулилтад залуурт пуужинтай сөнөөгч хөлөг онгоц, харуулын, хангамжийн, түргэн тусламжийн хөлөг онгоц болон хоёр нисдэг тэрэг илгээхээр төлөвлөжээ. Сонирхуулахад, ОХУ энэ сургуулилтад 2012 онд анх уригдаж, 2013 онд мөн оролцсон ч энэ онд багтсангүй.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)