Европын стандартчиллын дээд хэмжээний чуулганд МУ анх удаа оролцож байна


      Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2014 оны 06 дугаар сарын 10-аас 12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Европын стандартчиллын дээд хэмжээний 3 дугаар уулзалт, Европын стандартын хорооны /CEN/ 41 дүгээр Ерөнхий чуулган, /CEN/ болон Европын Электрон техникийн хорооны /CENELEC/ 54 дүгээр Ерөнхий чуулганд Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газар /СХЗГ/ оролцож байна. СХЗГ нь 2013 оны 01 дүгээр сарын 28-нд Европын стандартчиллын хороонд /CEN/ түншлэгч орноор элссэн ба 2013 оноос хойш зохион байгуулж буй томоохон арга хэмжээнд ийнхүү анх удаагаа оролцож байгаа юм. Тухайлбал СХЗГ-ын дарга Г.Гантөмөр, СХЗГ-ын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн дарга С.Соронзонболд, СХЗГ-ын Гадаад харилцаа, сургалт мэдээллийн албаны дарга Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид дээрх чуулга уулзалтад амжилттай оролцож байна.
Дээрх төлөөлөгчид 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотод буусан бөгөөд Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Б.Батхишиг төлөөлөгчдийг угтан авч уулзсан байна.
СХЗГ нь Турк улстай 1998 оноос хойш Харилцан ойлголцлын санамж бичигтэй бөгөөд жил бүрийн 06 дугаар сарын 09-ний өдөр тохиодог Дэлхийн Итгэмжлэлийн өдрийг СХЗГ Туркийн Итгэмжлэлийн байгууллага /ТurkAK/-тай хамтран тэмдэглэлээ. Энэ үеэр СХЗГ-ын дарга Г.Гантөмөр “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгох” /SMMSS/ төслийг танилцуулж илтгэл тавихаас гадна Туркийн Итгэмжлэлийн байгууллагын удирдлагатай уулзалт зохион байгуулж “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгох” /SMMSS/ төслийг үр дүнтэй зохион байгуулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг итгэмжлэлийн салбар дээр сэргээх талаар санал бодлоо солилцжээ.   
            Айлчиллын дараах буюу 06 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд СХЗГ-ын төлөөлөгчид Туркийн Истанбул хотод зохион байгуулагдаж буй Европын стандартчиллын дээд хэмжээний 3 дугаар чуулга уулзалтад оролцож Европын стандартчиллын чиг хандлага, цаашид баримтлах бодлогын талаар мэдээ, мэдээлэл авахаас гадна олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөгжлийн хөтөлбөр, төслүүдтэй танилцаж, тэдгээрт хамрагдах боломжийг судалсан байна. Түүнчлэн Европын холбооны буцалтгүй тусламжаар 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж буй “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгох” /SMMSS/ төслийг /CEN/-ийн гишүүн орнуудад танилцуулж, тэр дундаа төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд болох Чехийн Стандартчилал, Хэмжил Зүйн Институт /UNMZ/, Британий Стандартын Институтын /BSI/ дарга, захирал нартай тусгайлан уулзалт хийж байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөх чиглэлээр, мөн “SMMSS” төслийг үр дүнтэй зохион байгуулах талаар санал бодлоо солилцлоо. Чуулганы үеэр СХЗГ-ын удирдлагууд Европын стандартын хорооны /CEN/ Гадаад харилцаа хариуцсан дарга хатагтай Сара Пеннитэй тусгайлан уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтын үр дүнд СХЗГ Европын стандартын хорооны тэргүүлэх /Хүнсний, үйлдвэрлэлийн, уул уурхайн г.м/ стандартуудыг албан ёсоор авч өөрийн Стандартын мэдээлэл, лавлагааны төвд байршуулахаар болсон байна. Мөн Европын стандартчиллын хорооны 30-аад техникийн хороонд ажиглагч гишүүнээр орох хүсэлтээ албан ёсоор тавилаа. Түүнчлэн Германы Стандартын Институтын /DIN/ удирдлагатай уулзалт хийснээр СХЗГ өөрийн үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын тогтолцооны /ISO 9001/ олонулсын стандартыг нэвтрүүлж байгаа бөгөөд үүнийг Германы Стандартын Институт /DIN/ баталгаажуулах болсон нь чухал хэрэг боллоо.
Цаашлаад 06 дугаар сарын 12-ны өдөр СХЗГ-ын дарга Г.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид Европын стандартын хороо /CEN/ болон Европын Электрон техникийн хороо /CENELEC/-ны 54 дүгээр чуулга уулзалтад оролцсон бөгөөд чуулганы үеэр /CEN/-ийн Ерөнхийлөгч ноён Фредрих Смаксвил өөрийн илтгэлдээ Монгол улсын Стандартчилал, хэмжил зүйн газрын гадаад харилцаа нь шинэ шатанд гарсныг цохон дурдсан байна. Мөн СХЗГ нь Европын Электрон техникийн хороо /CENELEC/-ийн гишүүн орон болхоор боллоо. Ийнхүү СХЗГ-ын төлөөлөгчид Европын стандартын байгууллагуудын дээд хэмжээний чуулга уулзалтад амжилттай оролцож, олон чухал үр дүнг дагуулан ажиллаж байна.
Н.Дөл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)