П.Порошенко “Б төлөвлөгөө” байгаа гэв

Украины Ерөнхийлөгч Петро Порошенко нэг долоо хоногийн дотор гал зогсоохыг зарлигдсан. Тэрбээр зүүн нутагт өрнөөд буй хурцатмал байдлыг намжаах төлөвлөгөөгөө олон улсад танилцуулж дэмжлэг авсан бөгөөд “хэрвээ А төлөвлөгөө бүтэхгүй бол Б төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ” гэж мэдэгдлээ. Тэгвэл тэр саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс дэмжлэг хүсчээ. Тэрбээр В.Путинтэй утсаар ярьж, зүүн хэсэгт үүсээд буй хямралаас гарах арга замын талаар ярилцсан байна. Украины Ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, П.Порошенко дайныг зогсоох болон энх тайван тогтоох төлөвлөгөөнийхөө гол зарчмыг танилцуулж, хамтарч ажиллахыг хүсчээ. Харин ОХУ-ын Засгийн газраас мэдээлснээр, “В.Путин Украины зэвсэгт хүчин дайны ажиллагаагаа нэн даруй зогсоох хэрэгтэй” гэж мэдэгдэн төлөвлөгөөнийхөө хүрээнд зүүн хэсгийн Орос гаралтай оршин суугчдын тавьж буй чухал асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт найдаж буйгаагаа илэрхийлжээ. Украины Донецк, Луганск зэрэг зүүн хэсгийн мужийн Орос гаралтай оршин суугчид орос хэлийг чөлөөтэй ашиглаж, бие даасан байдлаа өргөжүүлэхийг хүсч байгаа бол Европын орнууд Москвагийн эрх баригчдыг тэдгээр салан тусгаарлагчдад нөлөөлөхийг шахаж байгаа юм. Гэвч ОХУ Украины хилийн ойролцоо цэргийн хүч дахин төвлөрүүлээд байгаа бөгөөд В.Путин, П.Порошенкогийн энхийн төлөвлөгөөг дэмжиж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Үүнээс өмнө В.Путин П.Порошенкогийн дээрх төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)