Дилма Руссед дахин өрсөлдөнө

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеф төрийн тэргүүний сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр ирэх аравдугаар сарын 5-нд эхлэх Ерөнхийлөгчийн сонгуульд Бра зилийн социалист намын Аесио Невес, Бразилийн социал демократ намын Эдуардо Кампос, Социализм болон эрх чөлөө намын Лусиана Генро, Социал христийн намын Пастор Эвералдо болон Ногоон намын Эдуардо Хорхе нартай өрсөлдөнө. Аравдугаар сарын 5-ны санал хураалтаар эдгээр зургаан нэр дэвшигчийн хэн нэг нь сонгогчдын 50- иас дээш хувийн санал авч чадахгүй бол аравдугаар сарын 26-нд хоёр дахь шатны санал хураалт болж, ялагчийг тодруулна. 2010 оноос хойш төрийн тэргүүнээр ажиллаж буй Бразилийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Дилма Руссеф ирэх аравдугаар сарын сонгуульд ялалт байгуулбал 2018 он хүртэл одоогийн албан тушаалдаа сууна. Бразилийн Үндсэн хуулиар төрийн тэргүүн хоёр удаа дараалан сонгогдох эрхтэй. Тэгэхээр ирэх аравдугаар сарын сонгууль Дилма Руссефийн хувьд тун чухал. Нөгөөтэйгүүр, түүнийг төр барьж байх хугацаанд Бразиль улс 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2016 оны зуны олимпийн наадмыг нутагтаа зохион байгуулах эрх авсан. Дилма Руссеф 2016 оны олимпийн наадмын үеэр төрийн тэргүүнээр ажиллахыг хүсч буйгаа нуугаагүй бөгөөд түүний чансаа өндөр байна. Түүнчлэн 2003 оноос хойш Бразилийн төрийг барьж буй Хөдөлмөрчдийн нам дэд Ерөнхийлөгчид Дилма Руссефийн орлогч Мишель Темерийг нэр дэвшүүлжээ. Социологичдын үзэж буйгаар өдгөө 66 настай Дилма Руссеф ирэх аравдугаар сарын 5-нд сонгогчдын 39 хувийн санал авах магадлалтай байгаа аж. Харин түүний гол өрсөлдөгч Социалист намын сенатч Аесио Невес 21 хувийн санал авахаар байна. Болгарын цагаачийн охин Дилма Руссеф Латин Америкийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн нэг бөгөөд 1960-1970 онд Бразильд өрнөсөн цэргийн дэглэмийг эсэргүүцэж явсан тэмцэгч байжээ. Дашрамд дурдахад тэр дөрвөн жилийн өмнөх төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулж, өөрийн зөвлөх, улс төрийн загалмайлсан эцэг, Бразилийн Ерөнхийлөгчөөр хоёр удаа ажилласан Луис Инасио Лула да Силвагаас өдгөөгийн албан тушаалаа хүлээн авч байсан юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)