Европын холбоо Украинд цагдаагийн бүрэлдэхүүн илгээхээр боллоо

Европын холбооны Гадаад харилцааны сайд нар Украинд цагдаагийн бие бүрэлдэхүүн илгээхээр шийдсэн гэж Литвийн Гадаад харилцааны сайд Линас Линкевичус өнгөрөгч даваа гаригт мэдэгджээ. Европын холбооны гишүүн 28 орны Гадаад харилцааны сайд нар өнгөрөгч даваа гаригт Люксембургт уулзах үеэр дээрх шийдвэрийг баталсан бөгөөд энэ санаачлагыг Их Британи, Швед, Польш гаргажээ. Европын холбоо цагдаагийн бие бүрэлдэхүүнээ Украинд хэзээ илгээх нь тодорхойгүй байгаа ч долдугаар сарын эхээр гэсэн таамгийг олон улсын хэвлэлүүд хэдийнэ дэвшүүлжээ. Учир нь Украины Ерөнхийлөгч Петро Порошенкогийн өнгөрөгч 20-ны өдөр зүүн нутгуудад үүсээд буй хүчирхийллийг зогсоох долоо хоногийн хугацаатай зарлиг ирэх 27-ны өдөр дуусна. Мөн энэ төлөвлөгөө бүтэхгүй бол Б төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэж Петро Порошенко мэдэгдсэн. Люксембургт болсон уулзалтаар Европын холбооны гишүүн 28 орон өөрсдийн цагдаагийн төлөөлөгчдөөс бүрдсэн багийг Украинд хоёр жилийн хугацаатай ажиллахаар тохиролцсон бөгөөд тэд Украины зүүн нутгуудад үүсээд буй хямралыг энхийн замаар зогсооход хяналт тавих аж. Нөгөөтэйгүүр өдий хүртэл үргэлжилж буй хүчирхийлэлд аль талыг буруутай болохыг тогтоох юм. Украины зүүн нутгийн Донецк, Луганскийн эрх баригчид үүсээд буй нөхцөл байдалд Киевийн эрх баригчдыг буруутгасан бол Киевийн албаныхан тэднийг ОХУ-аас дэмжлэг авч байж магадгүй гэж сэрдэж байгаа аж. Тиймээс Европын холбооны орнууд цагдаагийн бие бүрэлдэхүүнээр хяналт тавьж, учир байдлыг тодруулахаар болжээ. Үүнээс өмнө Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллага өөрсдийн төлөөлөгчдөө Украин руу илгээсэн ч дорвитой үр дүн үзүүлээгүй юм.

УКРАИНЫ ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ НАР В.ПУТИНД “ЗАХИДАЛ ИЛГЭЭВ”

Украины гурван экс Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нээлттэй захидал илгээв. Экс Ерөнхийлөгч Леонид Кравчук, Леонид Кучма, Виктор Ющенко нар ОХУ-ын Ерөнхийлөгчийг Донецк, Луганскийн удирдлагуудад нөлөөлж Киевийн эрх баригчидтай яриа хэлэлцээрийг ширээний ард суухыг ятгахыг хүсчээ. Тэд Украины зүүн нутгийн хүчирхийлэл гаарч байгааг онцлоод “Үүнийг даруй зогсоох шаардлагатай байна. Тиймээс бид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандсан нээлттэй захидал илгээхээр болсон” гэж мэдэгдэв. Тэгвэл Украины анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук өнгөрөгч 22-ний өдөр Дэлхийн II дайны хохирогчдыг дурсгалыг хүндэтгэж Киев хот дахь нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөснийхөө дараа сэтгүүлчдэд хандан “Украин яриа хэлэлцээрт бэлэн. Бид Ерөнхийлөгч Петро Порошенкогийн гал зогсоох төлөвлөгөөг дэмжиж байна” гэж мэдэгдсэн бол экс Ерөнхийлөгч Леонид Кучма “Энэ хүнд үед бидний гурав Петро Порошенког дэмжиж, бүх талаар туслах ёстой. Миний харж буйгаар Украин улсад чухал асуудал нүүрлээд байна. Үүнийг ОХУ-ын оролцоогүйгээр даван туулахад бэрх. Тиймээс бид Владимир Путинд хандахаар шийдсэн” гэжээ. Харин Виктор Ющенко “Украин улсад энх тайвныг эргэн тогтоох нь одоо юу юунаас илүү чухал байна” гэв.

ЗҮҮН УКРАИНД 40 ГАРУЙ ХҮҮХЭД АМИА АЛДЖЭЭ
Украины парламентын эрүүл мэндийн байнгын хорооны тэргүүн Татьяна Бахтеева өнгөрөгч даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ Украины зүүн зүгийн ганцхан Донецкт л гэхэд 40 гаруй хүүхэд сум болон тэсрэх бөмбөг, түүний хэлтэрхийнд өртөж амиа алдсан гэв. Тэгвэл 12800 хүн, түүний 5300 нь хүүхэд дээрх хоёр бүс нутгаас дүрвэж түр амьдрах байруудад амьдарч байгаа аж. Харин ОХУ- ын Хүүхдийн эрхийн тэмцэгч Павел Астахов Оростой залгаа хилийн ойролцоо Украины 36 хүүхэд тээвэрлэж явсан автобус бөмбөгдөлтөд өртсөний улмаас тав нь амиа алдсаныг сануулжээ.

Б.ОБАМА В.ПУТИНД ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ САНУУЛАВ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч даваа гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Вла димир Путинтай утсаар ярих үеэрээ Украины асуудалтай холбоотойгоор Москвагийн эрх баригчдад ирж болзошгүй хориг арга хэмжээг сануулав. Европын холбооны удирдлагууд ОХУ-ын эрх баригчдыг Украины зүүн нутгийн хямралыг өдөөхгүй байхыг хүсч, Донецк, Луганскийн удирдлагуудад шахалт үзүүлэхийг хүссэн. Харин ОХУ-ын эрх баригчид дээрх шаардлагыг тийм ч уриалгахан хүлээж аваагүй бөгөөд Европын холбоо ОХУ- ын Засгийн газрын томоохон тушаалтнуудыг барууны орнууд руу зорчихыг нь хориглож, хилийн чанад дахь хадгаламжуудыг нь битүүмжлэхээр бэлдэж байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (103.26.193.11)

    2014-06-26

    ТЭГВЭЛ ОРОС УКРАЙНЫ ЗҮҮН МУЖУУДАД ЦАГДААГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ИЛГЭЭЖ БОЛОХ ЮМ БАЙНА Ш ДЭЭ. УКРАЙН ЯМАР ЕХ-НЫ ГИШҮҮН БИШ. ХАРИН ОХУ ОРОС ИРГЭДИЙНХЭЭ АЮУЛГҮЙ БАЙЛЫГ ХАМГААЛАХ НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ БИЗ ДЭЭ.