Жон Керри Иракт айлчилжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрөгч даваа гаригт Иракт айлчилж, тус улсын Ерөнхий сайд Нури аль-Малики тэргүүтэй Засгийн газрын удирдлагуудтай уулзсан байна. Уулзалтын үеэр Жон Керри Иракийн нийслэл Багдад руу баруун болон хойд зүгээс дайрч буй “Ирак, Левантийн лалын улс” босогчдын бүлгийн талаар сонсч, дэмжлэг үзүүлэхээ амлав.
Жон Керри лалын хэт даврагч “Ирак, Левантийн лалын улс” бүлгийн дайралтыг ямар ч хамаагүй аргаар зогсоож нийслэл Багдад хотыг босогчдын гарт эзлэгдэх аюулаас аварна гэж мэдэгдээд АНУ-ын засаг захиргаа Иракт бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгийг дахин онцлов. Иракийн хойд болон баруун хэсгийг эзэлж, түүндээ урамшсан суннитын “Ирак, Левантийн лалын улс” бүлэг дайралтаа үргэлжлүүлсээр нийслэл Багдад хотод 70 км тулж ирээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга “Иракийн эрх баригчид зэвсэгт бүлэглэлийг ялахын тулд нэн даруй шинэ засаг байгуулах хэрэгтэй. Үндэсний эв нэгдэлээ аварч үлдэх энэхүү чухал алхмыг хийж чадвал АНУ-ын дэмжлэг үр дүнгээ өгнө” гэж мэдэгджээ. Түүнчлэн Иракийн эрх баригчдад шийдвэрлэх мөч тулгараад байгааг сануулж “Ирак улс орших уу, эс орших уу эсэх дээрх алхмаас шийдэгдэнэ. Энэ эгзэгтэй үед хямралыг даван туулах ёстой” гэж мэдэгджээ. Үүний дараа Иракийн Ерөнхий сайд Нури аль- Малики ч гэсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй адил бодолтой байгаагаа мэдэгдэхийн сацуу “Энэ хямрал зөвхөн Иракт ч биш, олон улсын энх тайван байдалд заналхийлж байна” гэж хэлжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)