Британи Ираны дипломатчдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Ираны босогчид цөмийн хөтөлбөрийн тал дээр Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг эсэргүүцэн, нийслэл Тегеран дахь Их Британи, Умард Иреландын Вант улсын Элчин Сайдын Яам руу мягмар гарагт халдлага үйлдээд байсан билээ
Ираны босогчид цөмийн хөтөлбөрийн тал дээр Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг эсэргүүцэн, нийслэл Тегеран дахь Их Британи, Умард Иреландын Вант улсын Элчин Сайдын Яам руу мягмар гарагт халдлага үйлдээд байсан билээ. Их Британий зүгээс үйлдлийн хариу болгож, Лондон дахь Ираны Элчин Сайдын яамыг хааж, дипломат албаныхныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Гадаад Хэргийн Яамны зүгээс тэдэнд өөрийн улсын нутаг дэвсгэрийг 48 цагийн дотор нэн даруй орхин гарах шаардлага хүргүүлжээ.

Салбарын сайд Уиллиам Хаг “Өөрийн нутаг дэвсгэртээ тус улсын үйл ажиллагааг явуулах боломжгүй болгож байгаа Ираны Элчин Сайдын Яам энд байх шаардлагагүй” хэмээн байр сууриа хатуу илэрхийлээд, Бруссельд байрлах Европын Холбооны Гадаад Хэргийн Консулын хурлаар дээрхи асуудлыг оруулж хэлэлцүүлэх болно гэжээ.
Тэрээр мөн “Бид уг хэрэг явдлын талаар сайтар хэлэлцэж, цаашид цөмийн хөтөлбөрийн тал дээр Иран улстай хамтарч ажиллах, үгүй эсэхээ шийдэх болно хэмээн мэдэгджээ.

Ираны Гадаад Хэргийн Яам Британий тус үйлдлийг “Бодлогогүй алхам” хэмээгээд, цаашид Иран улсын зүгээс ч мөн тохирох арга хэмжээнүүдийг тухай бүрт нь авах болно гэдгээ илэрхийлсэн байна.

Герман, Франц болон Нидерланд зэрэг улсууд өчигдөр зөвлөлдсөний эцэст Тегеранд суугаа Элчин Сайдуудаа эргүүлэн татахаар болсноо Ираны талд албан ёсоор мэдэгдсэн бөгөөд Норвеги урьдчилан сануулга өгөх үүднээс Элчин Сайдын Яамаа түр хааж байгаагаа мөн мэдэгджээ.

Иранын зүгээс тус хэрэг явдлыг цөөн тооны хүмүүсийн зүй бус аашилсан хэрэг байсан гээд ийм явдал болсонд харамсаж байгаагаа илэрхийлсэн хэдий ч, Британийн Гадаад Хэргийн Сайд халдлагыг үйлдсэн этгээдүүдийн ихэнх нь Ираны Басиж цэргийн анги, нэгтгэлийн хүмүүс байсан хэмээн баталсан байна. АНУ, Европын Холбоо болон НҮБ-н аюулгүйн зөвлөл Ираны тус үйлдлийг буруушааж байгаагаа илэрхийлжээ.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)