Химийн зэвсэг ашиглавал цэрэг илгээнэ
- 2014-06-28
- Дэлхий
- 0
Францын Гадаад харилцааны сайд Лоран Фабиустай
Украин, Сири, Ираны асуудлаар ярилцлаа. Европын
нэртэй дипломатчдын нэг, Францын Гадаад харилцааны
сайд Лоран Фабиус Украины хямралд анхаарлаа
хандуулаад зогсохгүй Ираны цөмийн хэлэлцээр, Сирийн
дипломат хүчин чармайлтад санаа тавьж байна. Тэрбээр
саяхан АНУ, Хятадад айлчилж олон улсад тулгамдаад
буй асуудлаар хэлэлцжээ. Ингээд түүнээс ОХУ-ын эсрэг
цаашдын хориг арга хэмжээ, Ираны цөмийн хөтөлбөр,
Сирид химийн зэвсэг дахин ашиглаж байгаа эсэх асуудлыг
тодруулсан ярилцлагыг хүргэе.
-Та Украины хилээс цэргүүдээ татах тухай ОХУ- ын Ерөнхийлөгч Владимир Путины хийсэн саяхны мэдэгдлийг юу гэж бодож байна?
-Би Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтай ярьсан. Тэр надад “Бид цэргүүдээ буцаан татахаар шийдсэн. Гэхдээ цөөнгүй цэрэг үлдэнэ” гэж хэлсэн. Би Владимир Путиныг Луганск, Донецкт бүх нийтийн санал асуулга явуулахыг хойшлуулахыг хүссэнд гайхаж байна. Гэхдээ Луганск, Донекцийн эрх баригчид бүх нийтийн санал асуулга явуулж тусгаар улс болсноо зарласан.
-Москвад хориг арга хэмжээ оногдуулах уу. Хэрвээ оногдуулах бол ямар арга хэмжээ авах вэ?
-ОХУ Украины зүүн нутгийн хямралд ямар бодлого баримтлахаас барууны орнууд хэрхэхээ шийднэ.
-Украинд Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Энэ сонгуулийн үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Украин хууль ёсны Ерөнхийлөгчтэй болсонд бид баяртай байгаа. Харин ОХУ үүнтэй санал нийлж байгаа эсэхийг цаашдын үйлдэл нь харуулна. ОХУ Сирийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн. Би энэ сонгуулийн үр дүнтэй санал нийлэхгүй. Хүн бүр энэ сонгуулийн үр дүнг мэдэж байсан. Сөрөг хүчнийхэн оролцоогүй. Сирид 150 мянган хүн амь үрэгдээд байна.
-АНУ ОХУ-ыг Украины хилээс цэргээ татаж байгаа хөдөлгөөн харагдахгүй байгаа гэж хэлсэн?
-Украины хилээс цэргүүдээ татах тухай хийсэн В.Путины мэдэгдэлд тодорхой бус зүйл олон байсан. Сергей Лавровоос асуухад “Тийм” гэж хэлсэн. Үүнийг шалгаж байна.
-В.Путиныг зогсохгүй гэж олон хүн үзэж байгаа. Тэр Крымийг авсан. Одоо Украины зүүн болон өмнөд нутгийн хотыг авахыг санаархаж байна.
-Крымийг ОХУ бүрэлдэхүүндээ нэгтгэхийг олон улс хүлээн зөвшөөрөөгүй. Украин улс энэ асуудалд хүлээцтэй хандаж байгаа. Бид Украины Засгийн газрыг дэмжиж байна. Хэн ч Крымийг хүчээр нэгтгэхийг зөвшөөрөхгүй. Нөгөө талаас бид ОХУ-тай дайн хийх ёсгүй. Дипломат арга зам юм уу хориг арга хэмжээгээр асуудлыг шийдэхийг зорьж байна.
-АНУ ОХУ-д оногдуулах хориг арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа. Цагаан ордон Францыг ОХУ-д байлдааны хөлөг онгоц худалдаж байна гэж мэдэгдсэн. Худалдааныхаа асуудлыг эргэж харах уу?
-ОХУ-тай худалдаа хийхийг олон орон сонирхож байна. Ирэх аравдугаар сард энэ асуудлаар Засгийн газар хэлэлцэнэ. Түүнээс хэрхэх эсэхээ шийднэ.
-Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийн үеэр та байр сууриа хүчтэй илэрхийлсэн. Урьдчилсан хэлэлцээрийн эхний шатанд та оролцсон. Энэ хэлэлцээр ямар шатандаа явж байна?
-Гарц олж чадна гэдэгт би итгэж байна. Цөмийн аюулын эсрэг урьдчилсан хэлэлцээр явж байгаад хүн бүр баяртай байгаа. Бидний байр суурь энгийн. Энхийн зориулалттай цөмийн хөтөлбөрийг дэмжиж байгаа. Харин атомын бөмбөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Урьдчилсан хэлэлцээрийн эхний шат хангалттай үр дүнтэй өндөрлөсөн гэж үзэхгүй байна. Гэхдээ бодсоноос илүү үр дүнтэй өндөрлөсөн. Одоогийнхоос илүү эцсийн үр дүн л чухал байна.
-АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн засаг захиргаа Ирантай долдугаар сард багтан эцсийн хэлэлцээр хийхийг хүсч байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Долдугаар сарын сүүлээр Ирантай эцсийн шатны хэлэлцээр хийхээр төлөвлөсөн. Хэрвээ хэлэлцээрээс шийдэл олж чадахгүй бол зургаан сараар сунгана.
-Б.Обама Башар аль- Ассадыг химийн зэвсэг ашиглавал цэргийн хүч ашиглана гэж мэдэгдсэн?
-Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад ард иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашиглавал бид АНУ-ын Засгийн газартай хамтран цэргийн хүч оруулахаар тохиролцсон. Бид АНУ-тай сайн хөршийн харилцаатай байдаг. Тиймээс тус улсад тусална. Сирид өдөр бүр хэдэн зуун хүн амь үрэгдэж байна. Тэнд улс төрийн ямар нэгэн өөрчлөлт, хэлэлцээр болохгүй байна. Гэхдээ өөрчлөлт, шинэчлэл гараасай гэж хүсч байна.
-Барууны орнууд Ойрхи Дорнодын сөрөг хүчнүүдийг зэвсэглэх ёстой юу? Та юу гэж боддог вэ?
-Бид тэдэнд туслах ёстой. Европын орнууд алсаас ажиглаж байна. Гэхдээ бид сөрөг хүчнүүдэд хүйтэн зэвсэг нийлүүлээгүй. Өөр хаа нэгтээгээс л нийлүүлж байгаа байх.
-Саудын Араб, Катар уу?
-Тэндээс зарим зэвсгийг нийлүүлж байгаа. Гэхдээ тэдгээр зэвсгийг хаанахых гэдгийг тогтооход бэрх. Сөрөг хүчнүүд хүчирхэгжиж байж Засгийн газартай хэлэлцээр хийнэ. Тиймээс тэднийг хүчирхэгжүүлэхийг хүсэгчид зэвсгээр хангаж байгаа байх.
-Сириэс хэр их хүн дүрвэж байна?
-Иорданд нэг сая гаруй дүрвэгчид байна. Туркт сая орчим байна. Харамсалтай нь яг хэчнээн хүн гаднын орнууд руу дүрвэснийг НҮБ тодорхой тогтоож чадахгүй байна.
-Сирид химийн зэвсэг ашигласан гэсэн?
Саяхан ашигласан гэсэн мэдээлэл ирсэн. Бид нотолгоо хайж байна. Хэрвээ ашигласныг баримтаар тогтоовол хатуу арга хэмжээ авна.

Сэтгэгдэл (0)