Лоран Гбагбог шүүнэ
- 2011-12-01
- Дэлхий
- 0
Зааны ясан эргийн экс Ерөнхийлөгч Лоран Гбагбог Олон улсын эрүүгийн шүүхэд байцаахаар Нидерландын Гаага хотод авчирлаа.
Зааны ясан эргийн экс Ерөнхийлөгч Лоран Гбагбог Олон улсын эрүүгийн шүүхэд байцаахаар Нидерландын Гаага хотод авчирлаа. Түүнийг Зааны ясан эргийн сөрөг хүчний дэмжигчид баривчлан Нидерландын Роттердам хот уруу илгээгээд байсан юм. Өнгөрөгч оны сүүлээр явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг Лоран Гбагбо хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй сөрөг хүчнийхэнтэй нэлээдгүй хугацаанд тэмцсэн. Олон улсын эрүүгийн шүүх сонгуулийн үр дүнг дэмжин, Л.Гбагбог эсэргүүцсэн иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, залхаан цээрлүүлсэн хэргээр түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн юм. Л.Гбагбо албан тушаалаа өрсөлдөгч Алассан Уаттарад шилжүүлэхээс татгалзсанаас үүссэн уг үймээн дөрвөн сар үргэлжилсэн юм. Харин энэ оны дөрөвдүгээр сард түүнийг хойд зүгийн Корхого хотод байшингийн доод хонгилоос баривчилсан. Зааны ясан эргийн үймээн хурцадсаны дараа Олон улсын эрүүгийн шүүхийн ахлах прокурор Луис Морено Окампо тус улсад зочилж байдалтай танилцсан билээ. Тэрбээр тус улсад хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг мэдэгдсэний дараа НҮБ-ын зөвшөөрөлтэйгээр Францын агаарын хүчин Л.Гбагбогийн цэргүүдэд цохилт өгч түүнийг Засгийн эрхээс буулгасан юм. Олон улсын эрүүгийн шүүхийн мэдээлснээр, дөрвөн сар үргэлжилсэн мөргөлдөөнөөр 3000 орчим хүн амь үрэгдсэн юм.www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)