В.Путин Куба, Аргентин, Бразильд айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын дундуур Куба, Аргентин, Бразильд айлчилна гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Үүнээс өмнө түүнийг манай цагаар долдугаар сарын 14- ний шөнийн 03:00 цагаас /Бразилийн цагаар долдугаар сарын 13-ний өдрийн 16:00 цаг/ эхлэх хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзнэ гэж Кремль мэдээлж байв. Гэхдээ В.Путин “Бразилийг зорих болсон нь хувийн сонирхол гэхээсээ дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ОХУ хүлээн авах болсонтой холбоотой” гэж мэдэгдсэн Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдэгдлээс зөрж байна. В.Путин 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохиох эрх авсан бөгөөд “Бразиль- 2014”-ийн хаалтын ажиллагааны үеэр тус улсын Ерөнхийлөгч, хатагтай Дилма Руссефээс дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг шилжүүлэн авна. В.Путинд “Бразиль-2014” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс урилга илгээсэн ч түүний Бразильд зочлох гол зорилго нь “БРИКС”-ын уулзалт болох нь тодорхой болов. Барууны эдийн засгийн холбоотой өрсөлдөх, энэ холбоонд харьяалагддаггүй хүчирхэг эдийн засагтай орнуудын холбоо “БРИКС” /BRICS-Brazil, Russia, India, China, South Africa/-ийн жилд нэг удаа зохиодог дээд хэмжээний уулзалтын энэ удаагийн ээлж Бразильд энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд болохоор товлосон. Харин хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан дагинын төлөөх тоглолт болон хаалтын ажиллагаа энэ сарын 13-нд Рио де Жанейро хотын “Маракана” цэнгэлдэхэд болно. Тэгэхээр В.Путин Бразильд нэлээд хэдэн өдөр саатах нь. Тиймээс Латин Америкт хийх энэ айлчлалдаа зургаан өдөр зарцуулахаар болж энэ сарын 11-нээс эхлэхээр төлөвлөжээ. Албаныхны хэлснээр, В.Путин энэ сарын 11-нд Кубад зочилж, тус улсын Ерөнхийлөгч Рауль Кастро болон түүний ах, Кубын хувьсгалын “эцэг” 87 настай Фидель Кастротой уулзана. Украины хямралын асуудлаар баруунтай муудаад буй энэ үед Куба хуучин холбоотон ОХУ- ын талд байгаа бөгөөд В.Путин Гаванад Рауль Кастро, Фидель Кастро нартай хоёр орны хоорондох эрчим хүч, тээвэр, агаар, сансар болон эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Дашрамд дурдахад, В.Путины айлчлалаас өмнө ОХУ-ын парламент Зөвлөлтийн үед Кубад хөрөнгө оруулсан 35 тэрбум гаруй ам.долларын өрийн 90 хувийг тэглэж, үлдсэн 10 хувийг арван жилийн хугацаанд зургаан сар бүр 3.5 тэрбум ам.доллар төлөх шийдвэр гаргасан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үүний Гаванад хийх айлчлалынхаа дараа Аргентинийг зорьж, тус улсын Ерөнхийлөгч хатагтай Кристина Фернандес де Киршнертэй уулзана. Кристина Фернандес де Киршнер ОХУ-ын байгалийн хий, газрын тосны “акул” “Газпром”-той хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа В.Путинд нэг бус удаа хэлсэн. Мөн ОХУ-ын төрийн өмчит “Росатом”-той Аргентинд цөмийн эрчим хүчний үйлдвэр барих гэрээ байгуулсан. Ер нь Кристина Фернандес де Киршнер ОХУ-ын төрийн өмчит томоохон компаниудтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаа. Нөгөө талаас Кристина Фернандес де Киршнер энэ удаагийн “БРИКС”-ийн дээд хэмжээний уулзалтад хүндэт зочноор уригдсан. Ямартай ч, В.Путин Аргентиний Ерөнхийлөгчтэй хоёр орны худалдаа, эрчим хүчний хамтын ажиллагааны талаар түлхүү хэлэлцэхээр төлөвлөжээ. Тэгвэл үүний дараа В.Путин Бразилийн Рио де Жанейро хотыг зорих бололтой. Учир нь долдугаар сарын 13-нд энэ хотын хөлбөмбөгийн дэлхийн аваргын шувтаргын тоглолт болон хаалтын ажиллагаа болно. В.Путин хаалтын тоглолт болон ажиллагааг үзэж, Олон улсын хөлбөмбөгийн холбооны сонгон шалгаруулалтад тэнцэж, 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх авснаа баталгаажуулж, Дилма Руссефээс эрхээ шилжүүлэн авсны дараа Фортализа хотыг зорино. Энэ хотод “БРИКС”-ын зургаа дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болно. Уулзалтад Дилма Руссеф, Кристина Фернандес де Киршнер нараас гадна Хятад, Энэтхэг, Өмнөд Африкийн төр, засгийн удирдагчид оролцоно. В.Путин эдгээр удирдагчтай мөн уулзахаар төлөвлөсөн бөгөөд “БРИКС” өнөөгийн удирдагчаар нэрлэж буй Хятадын Ерөнхийлөгч Си Жинпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жейкоб Зума нарыг хүрэлцэн ирнэ гэдэгт итгэж байна. Бразиль, ОХУ, Хятад, Өмнөд Африкийн “БРИКС”-ын удирдагчид хэвээрээ байгаа бол Манмохан Сингх албан тушаалаасаа бууж оронд нь Нарендра Моди өнгөрөгч тавдугаар сарын 26-наас хойш энэхүү албыг хашиж буй. “БРИКС”-ийн энэ удаагийн уулзалтаар ОХУ барууны маргаан болоод буй Украины хямрал, Энэтхэг, Хятадын бүс нутгийн маргаан болон уламжлал болсон эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, өрнөдийнхний үйл ажиллагааны талаар хэлэлцэж, зарим нэг үл ойлголцлыг арилгана. ОХУ-ын Ерөнхийлөгч дэлхийн гуравдагч хүчин Латин Америкийн холбоотноор зочилж буй энэ айлчлалыг барууны ажиглагчид “В.Путин Латин Америкийн байр суурийг мэдэхийн сацуу, эдийн засгийн хамтын ажиллагаа ямар ч үед саатахгүй байх талаар хэлэлцэхийг зорьсон” гэдэгт эргэлзэхгүй байна. Нөгөөтэйгүүр, Куба, Аргентин, Бразиль нь Латин Америкийн хамгийн хүчирхэг, хөгжингүй орон. Дашрамд дурдахад, Бразиль, ОХУ, Энэтхэг, Хятад улс хамтран барууны мэдлийн Дэлхийн банк, Олон улсын валютын сантай өрсөлдөхүйц эдийн засаг, зээлийн холбоо болох “БРИК” /Brazil, Russia, In- dia, China/-ийг байгуулж, 2009 онд анхны уулзалтаа хийсэн ч дараа жил нь буюу 2010 онд хар тивийн хамгийн хөгжингүй орон болох Өмнөд Африк /South Africa/- ийг нэмснээр “БРИКС” /BRICS-Bra- zil, Russia, India, China, South Africa/ болсон. Гурван тэрбум орчим хүнийг нэгтгэсэн энэ холооны дотоодын нийт бүтээгдэхүүн 16 их наяд ам.доллараар хэмжигдэж, гадаад дахь нөөц нь дөрвөн их наяд ам.долларт хүрчээ. Уг холбооны долоо дахь буюу 2015 оны дээд хэмжээний уулзалт ОХУ-ын холбооны тойрогт хамаарах Башкортостаны бүгд найрамдах улсын нийслэл Уфа хотод болно.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • hugshin (202.179.20.130)

    2014-07-08

    PUTIN manai IHT muruur turshlaga sudlahaar /arai uur helbereer / ymah gej bgaa ym uu? Manai Battulga darga /18/ ch bas l heregtei sanal sanaachlaga gargasan bna shuu Ur dun ni yu bol