Украин хэрэглээгээ багасгахаар төлөвлөжээ

Украины төрийн өмчит газрын тос, байгалийн хийн “Нафтогаз” компанийн захирал Андрей Коболев “Украин улс хэрэглээгээ 20 хувиар багасгаж чадвал Оросын байгалийн хийгүйгээр өвлийг давж чадна” гэж мэдэгдэв. Зүүн нутгийн асуудлаар Москвагийн эрх баригчидтай ам мурийсны улмаас ОХУ төрийн өмчит “Газпром” компанийн Украинд нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоож, төлбөрийн системийг өөрчилсөн. Тиймээс Украины Засгийн газар Оросоос байгалийн хий худалдаж авахгүй байх боломжийг судалж байна. Харин “Нафтогаз”-ын тэргүүн “20 хувиар бууруулж чадвал өвлийг давахад хангалттай” гэв. Энэ нь улирал тутам зургаан тэрбум орчим шоо метр байгалийн хийн хэрэглээгээ хасах хэрэгтэй гэсэн үг аж. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрөгч лхагва гаригт “Хэрвээ Москва, Киевийн байгалийн хийн маргаанаа нэн даруй шийдвэрлэж чадахгүй бол Украин энэ намар гэхэд “бүрэн хэмжээний байгалийн хийн хямрал”-тэй тэмцэх хэрэгтэй болно гэж мэдэгдсэн юм. Нөгөө талаас Украинд одоогийн байдлаар 14.2 тэрбум шоо метр байгалийн хийн нөөц байгаа аж. Харин өвлийг давахад дор хаяж 18.5 тэрбум шоо метр байгалийн хий хэрэгтэй гэнэ. Мөн Европын орноос нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлтийн найдвартай байдлыг шалгаж, баталгаажуулах хэрэгтэй аж. ОХУ-ын “Газпром” компанийн захирал Алексей Миллер “Украин энэ намар Европоос байгалийн хий хууль бусаар шавхах өндөр магадлалтай байна” гэж өнгөрөгч долоо хоногт тооцоолжээ. Ямартай ч “Газпром” өнгөрөгч зургадугаар сарын 16-наас хойш Украинд байгалийн хий нийлүүлээгүй байна. Мөн Украины Засгийн газар 2013 оноос хойш ОХУ-д төлөөгүй өрийн хэмжээ хуримтлагдаж, 4.46 тэрбум ам.долларт хүрчээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)