Сан-Паулу хотыг хамгаалалтад авав

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ дөрвийн тоглолтод талбайн эзэн Бразилийн баг Германы багтай тоглож 7:1-ээр хожигдсоны дараа Бразилийн олон хот, тосгонд фанатууд эмх замбараагүй байдал үүсгэж, эсэргүүцлээ илэрхийллээ. Үүнтэй холбогдуулан Бразилийн Засгийн газар аюулгүйн хүчнийхнийг илгээж цугласан хүмүүсийг нулимс асгаруулагчийн тусламжтай тараав. Гэсэн ч хөлбөмбөгийн үнэнч шүтэн бишрэгчид олон мянган ам.долларын хохирол учруулж, цөөнгүй хүн бэртэж гэмтлээ. Бразиль, Германы тоглолт Бразилийн зүүн өмнө зүгийн Минас Герайс мужийн нийслэл Бело-Хоризонте хотод болсон ч зөвхөн энэ хот гэлтгүй олон хотод эмх замбараагүй байдал үүссэн. Үүнээс Бразилийн хамгийн том хот Сан-Паулу байдал улам хүндэрсэн юм. Нөгөөтэйгүүр Бразилийг хожсон Германы баг Аргентин, Голландын аль хожсонтой нь Сан-Паулу хотын “Маракана” цэнгэлдэхэд тоглоно. Энэ үеэр Германы хөлбөмбөгчдөөс өшөө авахаа илэрхийлсэн Бразилийн олон үнэнч фанатууд байгаа бөгөөд албаныхан болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд хамгаалалтаа чангаруулаад байна. Мөн Сан-Паулу хотод Аргентин, Голландын баг тоглох бөгөөд тэд “Арена Коринтиас” цэнгэлдэхэд хүч үзнэ. Өөрөөр хэлбэл, Сан-Паулу хот эмх халдлагын гол төв болоод байна. Үүнээс өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эсэргүүцэгчдийн гол төв Сан- Паулу хот болж байв. Гэхдээ энэ удаад Бразиль Германы тоглолтын эхний 30 минутад таван гоол орсны дараа Бразилийн фанатууд цэнгэлдэхийг орхиж эхэлж улмаар тоглолтыг үзэхээр гадаа нь цугларсан олон зуун фанатуудтай нэгдэж, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Энэ бослого хүчээ авч мэдэх байсан ч энэ бүхнийг урьдчилан тооцоолсон Бразилийн аюулгүйн хүчнийхэн дор нь зогсоосон. Гэхдээ дээрх тоглолтын улмаас Бразиль даяараа шоконд орж, зарим фенүүд уйлж байсныг “Би-Би-Си”-гийн сурвалжлагч Бен Браун Бразилиас шууд дамжуулжээ. Учир нь Бразилийн баг дэлхийн аваргын түүхэнд эхний үед гурваас дээш гоол алдсан анхны баг болсон. Цагдаа нар эмх замбараагүй байдалд идэвхтэй оролцсон 11 хүнийг баривчлан саатуулжээ. Тэд бусад фанатуудыг тэмцэл явуулахыг уриалж, Германы фенүүдэд халдахыг ухуулж байсан гэнэ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр 11 хүний зургааг нь Рио де Жанейро хотоос баривчилжээ. Харин Сан-Паулу хотод фанатууд есөн автобус шатааж, нэг электрон барааны дэлгүүр тоножээ. Энд оролцсон байж болох таван хүнийг Сан- Паулу хотод баривчилсан бөгөөд тэдний хоёр нь насанд хүрээгүй хүүхэд байжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)