Европын орнууд Иранаас элчин сайдаа татаж эхэллээ
Тегеран дахь Британийн Элчин сайдын яам уруу олон зуун хүн халдан,
дураараа авирласны дараа Европын орнууд Иранаас өөрсдийн Элчин сайдаа
татахаар болов.

Тегеран дахь Британийн Элчин сайдын яам уруу олон зуун хүн халдан, дураараа авирласны дараа Европын орнууд Иранаас өөрсдийн Элчин сайдаа татахаар болов. Тегераны хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэн Европын орнууд тус улсад эдийн засгийн хориг арга хэмжээ ногдуулсан юм. Европын холбоог энэ хориг арга хэмжээг батлахад томоохон түлхэц өгсөн хэмээн Британийн Элчин сайдын яам уруу ийнхүү халдсан аж. Элчин сайдын яамыг хамгаалах олон улсын гэрээнд заасан үүргээ Иран улс биелүүлээгүй хэмээн Британийн Засгийн газар тус улсаас Элчин сайдын яамны бүх ажилтнаа татжээ. Үүний дараа Европын холбооны орнууд аюулгүй байдлын үүднээс тус улсаас нэн даруй дипломатчдаа татахаар болсон байна. Түүнчлэн Британийн Гадаад харилцааны сайд Уильям Хейг Лондон дахь Ираны Элчин сайдын яамыг 48 цагийн дотор хаах шийдвэр гаргажээ. НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага болох Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Ираныг цөмийн цэнэгт хошуу бүхий пуужин туршсан. Энэ хөтөлбөр нь дуусах шатандаа яваа бөгөөд Тегеран үүний талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан гэж мэдээлсний дараа олон улс тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахаар болсон юм. Британийн Засгийн газар Европын бусад орноос өмнө буюу өнгөрөгч долоо хоногт тус улсын санхүүгийн бүхий систем түүний дотор Ираны төв банктай харилцахыг зогсоох шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар Герман, Франц, Итали, Норвеги, Нидерланд Иранаас Элчин сайдаа татах ажлыг эхлүүлжээ. Европын холбооны гишүүн 27 орны Гадаад харилцааны сайд нар Брюссель хотноо уулзах үеэр дээрх шийдвэрт хүрч, Иранаас гадна Сири, Белоруссьт оногдуулж буй хориг арга хэмжээгээ чангаруулахаар болсон байна. Түүнчлэн Ираны нэр бүхий 179 албан тушаалтанг Европын “хар жагсаалт”-нд оруулжээ. Мөн энэ жагсаалтад оруулсан Белоруссийн нэр бүхий албан тушаалтны тоог 245 болгон нэмжээ.
www.UNEN.mn сайт
Сэтгэгдэл (0)