Хэдэн шуналтнуудаас болж эмнэлгийн ажил зогсох гэж үү
- 2014-08-05
- Үнэн
- 0
5
“Ачлал трейд” компанийхан 13 дугаар хороололд хавдарын оношлогоо, эмчилгээний иж бүрэн үйлчилгээ үзүүлэх 300 ортой “Ачлал-оточ” эмнэлгийг барьж эхлүүлсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Мэдээллийг дахин дурьдахад тус цогцолбор эмнэлгийг эрүүл мэндийн үйлчилгээгээрээ дэлхийд гайхагддаг япончуудын дэмжлэгээр барьж буй бөгөөд монголчуудын дунд сүүлийн үед гарах болсон хавдрыг эмчлэх гол зорилготой юм. Түүнчлэн энэхүү сайн үйлсийг Хотын мээр Э.Бат-Үүл болон холбогдох төрийн байгууллагууд дэмжиж байгаа нь талархалтай юм. Хэрвээ “Ачлал-оточ” эмнэлэг байгуулагдчихвал манай хотын иргэд төдийгүй нийт монголчууд маань хаа холын Япон, Солонгос, Хятадын Бээжин явж эмчлүүлэх шаардлага байхгүй болно. Ядаж л Эрээний эмнэлэгт очиж оношлогоо хийлгэх зардлаараа Улаанбаатар хотдоо иж бүрэн шинжилгээ хийлгээд эмчлүүлдэг болчихно гэсэн үг.
Гэтэл сайн юманд саар мундахгүй гэгчээр дээрх эмнэлгийн хажуу талын “24-ийн Б” байрны зарим оршин суугчид “нар хааж барилга барилаа” хэмээн хэл ам хийсээр байгаа юм. Үнэн хэрэгтээ тус байрны оршин суугчдын нарыг халхалж бариагүй аж. Тус байрны нарыг хаах эсэх талаар бодолцож барилгаа барьсан нь мэдээж. Тодруулбал, “24-ийн Б” байрны нарны тусгал авах хугацаа нь 13 цагаас хойш эмнэлгийн барилгаас хамааралгүй юм байна. Энэ талаарх зураглалыг ч “Ачлал трейд”-ийнхэн тооцсон байна. Гэтэл тус байрны оршин суугчид бүр даварч, тус компаниас ихээхэн хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа аж. Оршин суугчид ч гэж дээ. Нэр бүхий цөөн хүмүүсийн хомхойн сэтгэл энэ ажиллагаанд саад болж байгаа хэрэг. Дурдвал Цэнгэл нөхрийн хамт, Буянхишиг охины хамт энэ хомхойн бүлэглэлийн гол дүрд тогложээ. Тэд өнгөрөгч долдугаар сарын 22-ны өдөр “Ачлал трейд”-ийн захирал М.Билэгтэд хандан өргөдөл гаргасан байна.
Түүнд дурдахдаа “Бидний эрх ашгийг зөрчиж байгаа тул тус байрны оршин суугчдын эзэмшиж буй орон сууцны метр квадарт тутамд 1.5 сая төгрөг олгохыг шаардаж байна” гэжээ. Эндээс харвал зүгээр л шуналын сэдлээр үйл ажиллагаанд саад болж байгааг төвөггүйхэн харж болно. Тэр ч бүү хэл “Энэхүү төлбөрийг ажлын гурав хоногт барагдуулна” хэмээн эгээ л шүүхийн шийдвэр шиг зүйлийг өгчээ. Чингэхдээ дээрх гол дүрд тоглогчид өргөдөл гаргасан өдөр буюу долдугаар сарын 22-ны өдөр иргэнийхээ үнэмлэхийг өдгөө оршин суугаа хаяган дээр болгуулсан байна. Тодруулбал, тэд албан ёсоор БЗД-ийн 18 дугаар хороо 24-ийн “б” байрны оршин суугчид биш аж, Тиймээс ийнхүү мөнгө нэхэмжлэхийн тулд иргэний үнэмлэхээ хүртэл шилжүүлж байсан нь баримтаар нотлогдсон юм.
Цэнгэл, Буянхишиг тэргүүтэй найман оршин суугч орон сууцныхаа метрквадратыг дурдаад өргөдлийн ар талд хавсаргажээ. Тухайлбал, Цэнгэл нь 95.3 метрквадрат, Буянхишиг нь 75. 2 метр квадратын мөнгө нэхэмжилсэн байна. Тэгэхээр Цэнгэл нь ийнхүү шантааж хийж, 140 орчим сая төгрөг авах нь л дээ. Хүнд хомхой сэтгэл байж болно. Гэхдээ л ийн хэрээс хэтэрсэн зүйл байж болохгүй. Тэр тусмаа ард түмэнд хэрэгтэй зүйл хийж байгаа бүтээн байгуулагчдын ажил руу ус цацаж бүр ч болохгүй. Ерөөсөө хэдхэн тооны шуналтангуудаас болж, бүтээн байгуулалтын ажил гацах ёсгүй. Өнгөрөгч зуны эхэн сараас хойш л энэхүү бүтээн байгуулалтын ажилд ийнхүү цөөн тооны иргэд шантааж хийсээр өнөөдөртэй золгож байгаа юм. Хамгийн сүүлчийн жишээ дурдвал наймдугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө шунахайн бүлэглэлийнхэн барилгын ажилд саад болж, зуурмагийн машиныг оруулахгүй биеэрээ халхалан зогсчээ. Ийнхүү “Ачлал трейд”-ээс мөнгө салгахын тулд нойр хоолоо ч умартан бүтээн байгуулалтын ажилд саад болж байгааг та зураг дээрээс харж болно.
Барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа компанийг шантаажлагч
2014.08.01-нээс 02-нд шилжих шөнийн зураглал
2014.08.01-нээс 02-нд шилжих шөнийн зураглал







Н.Дөл

Сэтгэгдэл (0)