Франц, Германы тэргүүн дэлхийн I дайны ойг тэмдэглэв

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы Ерөнхийлөгч Иоахим Гаук нар Эльзас хотод болсон дэлхийн I дайнд амь үрэгдсэн цэргүүдийг хүндэтгэх ёслолын арга хэмжээнд оролцлоо. Өнгөрсөн ням гаригт Германтай хиллэдэг Францын зүүн хойд зүгийн Эльзас хотод Герман улс Францад дайн зарласны 100 жилийн ойг тэмдэглэж, хоёр талын мөргөлдөөнд амь үрэгдсэн цэргүүдийг дурссан юм. Герман улс 1914 оны наймдугаар сарын 3-нд Францад дайн зарласны улмаас Франц, Германы талаас олон мянган хүн амь үрэгдсэн юм. Эльзас хотын уулархаг Хуучин Арманд хэмээх газрын тулалдаанд Франц, Германы талаас нийтдээ 30 мянган цэрэг амь үрэгдсэн бөгөөд уг газарт 30 мянган хүний булш байдаг аж. Үүний 12 мянга нь нэр үл мэдэгдэх цэргийнх агаад Хуучин Армандыг германаар Хартмансвиллеркоф гэдэг аж. Францын Ерөнхийлөгч Ф.Олланд, Германы Ерөнхийлөгч И.Гаук дээрх тулалдааны үеэр амиа золиосолсон хоёр талын цэргүүдийг хүндэтгэж, хоёр орны цаашдын харилцааг хөгжүүлж дахин ийм бусармаг үйлдэл гаргахгүй байхад анхааран ажиллахаа илэрхийллээ. Мөн энэ газрыг хоёр орны дэлхийн I дайны хүндэтгэлийн төв болгон музей байгуулахаар тохиролцож 2017 онд олон нийтэд үүдээ нээхээр төлөвлөв. Тэд өчигдөр Бельгийн Льеж хотод дахин уулзсан бөгөөд энэ хотод Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кемэрон хүрэлцэн орж Бельгийн Дэлхийн I дайны 100 жилийн ойг дурсав. Учир нь Герман улс 1914 оны наймдугаар сарын 4-нд Бельгид цөмрөн орж, үүний улмаас Их Британи Германд дайн зарлажээ. Дэлхийн I дайнд нийтдээ 70 гаруй сая цэргийн бие бүрэлдэхүүн оролц соноос 10 орчим сая хүн амь үрэгдэж, найман сая орчим хүн сураггүй болж, 22 сая гаруй хүн шархадсан юм. Уг дайнд Орос, Их Британи, Франц, Итали, АНУ, Румын, Япон, Серб, Бельги, Грек нэгдэн холбоотны хүчин болж Герман, Австри-Унгар, Оттоманы эзэнт гүрэн, Болгарын төвийн хүчинтэй дайтсан. Тэгвэл энэ дайнд ялагдсаны дараа Оттоманы эзэнт гүрэн нуран унаж Турк болон Балканы хойг, Ойрхи Дорнодын одоогийн орнууд тусгаар тогтносон юм.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)