Украины асуудлаар хэлэлцжээ
- 2014-08-05
- Дэлхий
- 0
Белоруссийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны Ерөнхийлөгч Нурсультан Назарбаев нар
өнгөрсөн амралтын өдөр Украины
асуудлаар утсаар ярьж, хямралыг
шийдвэрлэх арга замын талаар
ярилцжээ. “Төрийн тэргүүнүүд олон
улсын хэрэг болон хоёр орны харилцааны талаар дэлгэрэнгүй ярилцсан”
гэж Белоруссийн Ерөнхийлөгчийн
хэвлэлийн албанаас мэдээлэв. А.Лукашенко, Н.Назарбаев нарын ярианы гол сэдэв нь Украин байсан агаад энэ оронд тогтвортой байдал бий болгохын тулд хоёр орны зүгээс хэрхэн туслах талаар хэлэлцсэн байна. Казахстаны тал энэ асуудлаар хэлэлцэх санал тавьсан бөгөөд Белоруссь хүлээн авчээ. Учир нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Евразийн хэрэглэгчдийн холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр А.Лукашенко, Н.Назарбаев нараас Украинд нийлүүлэх бараа бүтээгдэхүүнээ зогсоож, эдийн засгийн шахалт үзүүлэхийг хүссэн.
Харин А.Лукашенко, Н.Назарбаев нар В.Путины энэхүү саналаас татгалзсан бөгөөд түүнээс хойш В.Путин тэдэнтэй уулзаагүй. Өөрөөр хэлбэл, А.Лукашенко, Н.Назарбаев нар Украин, ОХУ-ын алинтай ч эвтэй аргаар асуудлыг зохицуулахыг хүсч байна. Тиймдээ ч, Белоруссийн Ерөнхийлөгч А.Лукашенко Украин, ОХУ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг хамруулсан гурван талт уулзалтыг нийслэл Минск хотод зохион байгуулсан юм. Нөгөөтэйгүүр, Украины Ерөнхийлөгч Петро Порошенко, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нар Украины хямралыг зогсоох уулзалт зохион байгуулахыг Белоруссийн талаас хүссэн юм.
Э.Төгсжаргал

Сэтгэгдэл (0)