Хятадад газар хөдөлж 367 хүн амь үрэгдлээ

 Хятадын баруун өмнө зүгийн Юньнань мужид 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас хамгийн сүүлийн мэдээгээр 367 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Газар хөдлөлт мужийн олон хот, тосгоныг хамарсны улмаас амь үрэгдсэн болон гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо өдрөөр бус цагаар нэмэгдэж байна. Хятадын эрх баригчид гамшгийн бүс рүү олон мянган аврагчдыг илгээж байгаа бөгөөд тэд эвдэрч сүйдсэн байшин, барилгын нуранги дороос амьд үлдсэн хүмүүсийг гаргахын сацуу амиа алдсан хүмүүсийн цогцсыг гаргаж байна. Юньнань муж Хятадын түүхэн дэх хамгийн аймшигт газар хөдлөлтүүдийн нэг болох 2008 онд 70 мянган хүний амийг авч одсон Сычуань мужтай хил залгаа оршдог юм. Сычуань мужийн өмнөд талд оршдог Юньнань муж нь 46 сая хүн амтай бөгөөд Мьянмар улстай хил залгаж, дэлхийн хамгийн өндөр уул Гималайн нуруунд харьяалагддаг. Өнгөрсөн ням гаригийн өдрийн 16:30 минутад хөдөлсөн газар хөдлөлт Сычуань мужаас холгүй Юньнань мужийн нутагт хөдөлсөн агаад Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань болон Гуйжоу мужид энэ газар хөдлөлт их бага хэмжээгээр нөлөөлжээ. Хятадын Газар хөдлөлтийн сүлжээний төв болон АНУ-ын Геологийн судалгааны агентлагийн мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Юньнань мужийн Венпин тосгоноос барууны хойд зүгт 11 км-ийн зайд орших бөглүү уулархаг бүс нутгийн газрын гадаргаас 10 орчим км-ийн гүнд болжээ. Тэгвэл энэ газар нь газарт хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн Чаотун /Zhaotong/ хотоос 29, мужийн нийслэл Кунмин хотоос 370 орчим км-ийн зайд оршдог байна. Энэ газар хөдлөлтөөс өмнө 1970 онд Юньнань мужид 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж 15 мянган хүн амь үрэгдэж байжээ. Харин Юньнаний хоёр дахь хүчтэй газар хөдлөлтийн улмаас Хятадын Засгийн газар 2500 цэргийг гамшгийн бүсэд ажиллуулахаар илгээжээ. Үүнээс гадна 400 орчим онцгой байдлын алба хаагч, 300 гаруй цагдаа болон сайн дурынхан гамшгийн бүсэд ажиллаж, тэндхийн оршин суугчдад тусалж байна. Засгийн газраас 2000 майхан, 3000 эвхдэг ор, 3000 цув гамшгийн бүс рүү илгээжээ. “BBC”-гийн Хятад дахь сурвалжлагч Ховард Чан аврах багууд том чулуу, нуранги дор түгжигдсэн хүмүүст туслахаар хүнд хөдөлмөр хийж байна гэж мэдээлжээ. Ямартай ч томоохон хэмжээний аврах баг болон тусламжийн баг гамшгийн бүсэд ажиллаж байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт 439 мянга орчим хүнд нөлөөлж, 12 мянган байшин нурж, 30 мянган барилгад ямар нэг хэмжээгээр нөлөөлжээ. Газар хөд лөлтөд Юньнань мужийн 5.5 сая хүн амтай Чаотун /Zhaotong/ хот хамгийн их нэрвэгдсэн бөгөөд энэ хотын оршин суугч Ма Лия “Синьхуа” агентлагт “Шинээр барьсан хоёр давхар барилга газар хөдлөлтийн улмаас нурсан. Энэ барилга газар хөдлөлтөөр нурсан хамгийн бат бөх барилга байшин. Газар хөдлөлтийн дараа барилга яг л бөмбөгдөлтөд өртсөн дайны талбар шиг харагдаж байсан” гэжээ. Газар хөдлөлтийн улмаас цахилгааны шугамуудад ноцтой гэмтэл учирчээ. Одоогоор Юнь нань мужид учирсан эдийн зас гийн хохирлын хэмжээг тогтоо гоогүй байгаа ч Сычуаний газар хөдлөлтийн хор уршгаас бага болох нь тодорхой байна. 2008 оны тавдугаар сарын 12-нд болсон Сычуаний 8.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн Хятадын эдийн засагт 150 тэрбум гаруй ам.долларын хохирол учирсан юм. Энэ газар хөдлөлт Сычуань мужийн нийслэл Ченду хотоос холгүй болсны улмаас ийм их хэмжээний хохирол учирсан агаад 10 сая гаруй хүн орох оронгүй болж байв. Тэгвэл өнгөрсөн ням гаригийн газар хөдлөлтийн дараа дэлхийн улс орнууд Хятадын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, тусламжийн гараа сунгахаа мэдэгджээ. Хамгийн түрүүнд АНУ мэдэгдэл хийж Хятадад туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Хятадын газар хөдлөлтийг дэлхийн дулаарлаас үүдэлтэй гэв
Энэ сарын 3-нд болсон Хятадын Юньнань мужийн газар хөдлөлтийг дэлхийн дулаарлаас үүдэлтэй гэдэгт АНУ- ын эрдэмтэд итгэлтэй байна. Тэдний хэлж буйгаар газар хөдлөхөд хэд хэдэн том хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд дэлхийн дулаарал, сарны хөдөлгөөнөөс үүдэлтэй газар хөдлөлт манай дэлхийд болж буй байгалийн гамшгийн гол хүчин зүйл болдог байна. Жишээлбэл, 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон Японы газар хөдлөлт, цунами сарны нөлөөгөөр үүсчээ. 2011 оны гуравдугаар сарын эхээр эрдэмтэд сар сүүлийн 20 жилд дэлхийд хамгийн их ойртож байгааг онцолж, сар ингэж ойртсоноор дэлхийд газар хөдлөлт болох магадлал ихэсдгийг анхааруулсан. Мэдээж Япон шиг далайн эргээс холгүй хүчтэй газар хөдөлбөл цунамийн аюул нүүрлэнэ. Үүнтэй холбоотойгоор ч тэр үү Японы газар хөдлөлт, цунамийн аюулыг “Супер сарны хараал” гэх нь бий. Учир нь 2011 оны гуравдугаар сарын 19- нд сар 1992 оноос хойш харагдаагүй том, тод харагдаж, “Супер сар” гэж нэрлэсэн юм. Тэгвэл дэлхийн дулаарал сар, дэлхий хоёр хөдөлгөөнөөсөө хамаарч бие биедээ соронзон таталцал үзүүлдэг шиг дэлхийн цөмд ямар нэг байдлаар нөлөөлдөг байна. Гэхдээ үүнд тогтсон хариулт олж чадаагүй байгаа бөгөөд эрдэмтэд санал зөрөлддөг байна. Хамгийн оновчтой хариултаар дэлхийн дулаарал хойд, өмнөд туйл болон Гренландын мөсийг хайлуулж, хайлсан ус газрын гүн рүү нэвчиж дэлхийн тектоник давхаргад нөлөөлж газар хөдлөлт, галт уул дэлбэрэх аюул учруулдаг байна. Сүүлийн жилүүдэд газар хөдлөх, галт уул дэлбэрэх, цунами болох, хар салхи дэгдэх, аянга буух байгалийн гамшгийн давтамж эрс ойртож байгаа нь хүн төрөлхтөний буруутай үйлдэлтэй холбоотой бөгөөд хэт аж үйлдвэржсэн нь дэлхийн гадаргыг хүрээлэн буй озоны давхаргыг устгаж байна. Учир нь аж үйлдвэржилт хүчилтөрөгч /O2/-ийн гурван атомт нэгдэл болох озоныг устгадаг нүүрстөрөгчийн давхар исэл /өөрөөр хүлэмжийн хий/ ялгаруулдаг. Тиймээс цэвэр агаар, мод, ус элбэгтэй эрт цагт байгалийн гамшиг бага, давтамж холтой болдог байв. Дэлхийг тойрон 2000-3000 км өргөнтэй хамгаалалтын давхарга үүсгэн оршдог озон нарнаас ирж буй цацрагийн хорт туяаг нь шүүдэг юм. Харин озоны давхарга нимгэрч, хойд, өмнөд туйл, Гренланд зэргийн мөсөн бүрхэвч хайлснаар нарны цацрагийн хортой туяаг шингээх болон толины үүрэг гүйцэтгэж илүүдэл цацрагийг ойлгох мөсөн бүрхэвчгүй болсноор дэлхийн уур амьсгал улам дулаарч, вирусийн янз бүрийн халдварт өвчнүүд дэгдэх болон шинээр үүсч, нарны хэт ягаан болон улаан туяаг шүүж чадвар муудсанаас хүн төрөлхтөн арьсны үрэвсэлт болон халдварт өвчинд баригдах эхлэл болж байна. Дашрамд дурдахад, ОХУ-ын алс бөглүү Сибирьт үүссэн хоёр хар нүх дэлхийн дулаарлаас болж үүсчээ. Тэндхийн мөнх цэвдэг дор битүүмжлэгдсэн метаны хий дулааны нөлөөгөөр “байгалийн сав”- наасаа гарч, дулаан /нарны цацраг/ болон хүчилтөрөгчтэй нэгдэн дэлбэрснээс томоохон хэмжээний нүх үүсгэсэн байна. Энэхүү шатамхай хий дэлбэрч мөсийг хайлуулж нүх үүсгэсэн нь давс болон бусад усанд уусамтгай бодистой газар бороо болон голын нөлөөгөөр урсч агуй үүсгэхтэй адил үзэгдэл аж. ОХУ-ын эрдэмтэд дээрх хоёр нүхний эргэн тойрноос дэлбэрэлтийн нөлөөгөөр цацагд сан шороо олсон байна. Мөн 15 метр өргөн амсартай, 70 метр уг хар нүхний ёроолоос мөсөн гол илрүүлжээ. Энэ нь озоны давхарга нимгэрснээс нарны цацрагийн хэт улаан болон ягаан туяа мөнх цэвдэгт шууд шингэж, мөсөн дор дулаан үзүүлж байсныг нотлох баримт болох боломжтой ажээ.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)