Эрдэмтэд тураадаг бохь хийжээ
- 2011-12-02
- Дэлхий
- 0
Турахын тулд дасгал хөдөлгөөн хийн, хоолны дэглэм барьж өөрсдийгөө
зовоохгүйгээр өдөрт нэг бохь зажлаад л гайхалтай сайхан үр дүнг мэдрэх
боломжийг АНУ-ын судалгааны багийн эрдэмтэд нээн илрүүлжээ.

Биеийн жингээ тогтмол барьж, турахад туслах тус бохины нууц нь хоолны дуршлыг бууруулж, бие мах бодийн энергийг тэнцвэржүүлдэг дааварт оршиж байгаа бөгөөд тус даавар нь хоол идэх, хөдөлгөөн хийх үед цусанд орж ялгарч, улмаар үр дүнгээ өгдөг ажээ.
Тэд судалгааны явцдаа илүүдэл жинтэй хүмүүсийн цусан дахь дааврын хэмжээ хэвийн жинтэй хүмүүсийнхтэй харьцуулахад бага байгааг тогтоосон бөгөөд дааврын үйлчлэлийг шалгаж үзэхэд, уг даавар нь илүүдэл жинтэй хүмүүсийн хоолны дуршлыг бууруулаад зогсохгүй, хэвийн жинтэй хүмүүсийн ч хоолны дуршлыг бууруулж байсан байна. Түүнчлэн, тус даавар нь хоол боловсруулах тогтолцоонд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байсан хэдий ч, цусанд амархан шимэгдэж байжээ.
Судалгааны багийн удирдагч Роберт Дойле “Никотины бага зэргийн агууламж бүхий бохь хүмүүсийг тамхинаас гарахад тусалж байсан шиг, өөртөө PYY дааврыг агуулсан уг бохь хүмүүсийг жингээ хасахад нь туслах боломжтой” хэмээн онцолсон байна.
Бохийг зажилснаас хойш дөрвөн цагийн дараа РҮҮ бодис үйлчилж эхэлсэн бөгөөд судалгаанд оролцсон хүмүүс дараагийн хоол идэх хүртлээ хоолны дуршил нь буурч, цатгалан мэдрэмж төрж, үр дүнгээ өгч байсан гэнэ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)