Шинзо Абэ Си Жинпинийг уулзалтад урив

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Хятадын Ерөнхийлөгч Си Жинпинийг хоёр талын хоорондох дээд хэмжээний уулзалтад дахин урилаа.

Тэрбээр үүнээс өмнө буюу Бразилийн Сан-Паулу хэвлэлийн бага хурал дээр Япон, Хятадын хооронд дээд хэмжээний уулзалт зохион байгуулж үл ойлголцол үүсгээд буй асуудлуудыг шийдэхийг санал болгосон. Япон, Хятадын харилцаа хоёр орны хоорондох тэнгист орших маргаантай арал болон Шинзо Абэгийн Ясукуни сүмд зочилсон асуудлын улмаас хурцдаад байгаа юм.

Үүнээс гадна Япон улс өнгөрсөн сард Хавай арлын ойролцоо АНУ-тай хамтарсан тэнгисийн цэргийн цуврал сургуулилт явуулсан нь Бээжингийн дургүйцлийг бүр ч ихээр хүргэсэн. Ш.Абэ ирэх арваннэгдүгээр сард Бээжинд болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа /АПЕК/- ны дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад, Японы хооронд дээд хэмжээний уулзалт болно гэдэгт итгэж буйгаа хэлжээ.

Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцэн Японы Ерөнхий сайд асан Ясуо Фукудаг хоёр орны удирдагчдын хооронд дээд хэмжээний уулзалт зохион байгуулах асуудлаар өнгөрсөн сард Бээжинд нууц айлчлал хийсэн байх талтайг ажиглагчид тэмдэглэжээ.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)