Ресеп Тайип Эрдагон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа
- 2014-08-13
- Дэлхий
- 0
Туркийн Ерөнхий сайд Ресеп
Тайип Эрдоган энэ сарын 10-
нд болсон тус улсын түүхэн дэх
Ерөнхийлөгчийн анхны шууд
сонгуульд ялалт байгууллаа.
Өөрөөр хэлбэл тэрбээр Туркийн
анхны ардчилсан замаар сонгогдсон
Ерөнхийлөгч болж байна. Тэрбээр
энэ удаагийн сонгуульд сонгогчдын
51.79 хувийн саналыг авч ялалт
байгуулсан бол түүнтэй өрсөлдсөн
Лалын хамтын ажиллагааны
байгууллагын ерөнхий нарийн
бичгийн дарга, академич,
дипломатч Экмеледдин Ихсаноглу
38.44 хувийн санал авсан бол
Ардын ардчилсан намын төлөөлөл,
Курдын улстөрч Селахаттин
Демирташ 9.76 хувийн санал авчээ.
77 сая орчим хүн амтай Турк улсад
санал өгөх эрхтэй 56 орчим сая
хүний 41 сая нь санал өгсөн бөгөөд
санал хураалт 74 хувьтай явагдсан
байна. Саналын хуудсыг 100 хувь
тоолж дууссаны дараа өнөөгийн
Ерөнхий сайд Ресеп Тайип Эрдоган
50-иас дээш хувийн санал авснаар
хоёр дахь шатны санал хураалт
явуулалгүйгээр ялалт байгуулжээ.
2003 оноос хойш Туркийн 25 дахь
Ерөнхий сайдаар ажиллаж буй
өнөө цагийн тус улсын хамгийн
нөлөө бүхий улстөрч Ресеп Тайип
Эрдоган ийнхүү ялалт байгуулснаар
энэ сарын 28-нд тангаргаа өргөж,
Туркийн 12 дахь Ерөнхийлөгчийн
албыг хаших юм. Тэрбээр 2019 оны
наймдугаар сар хүртэл Туркийн
Ерөнхийлөгчөөр ажиллах бөгөөд
одоогийн Ерөнхийлөгч, экс Ерөнхий
сайд, нэг намын нөхөр Абдулла
Гулийн халааг залгана. Өөрөөр
хэлбэл, 2002 оны арваннэгдүгээр
сард Туркийн Засгийн эрхэнд гарсан
Шударга ёс, хөгжлийн нам 2019 он
хүртэл хүчирхэг байдлаа хадгалж
үлдэхээр боллоо. Абдулла Гуль нь
2002 оны арваннэгдүгээр сарын
18-наас 2003 оны гуравдугаар
сарын 14 хүртэл Ерөнхий сайдаар
ажиллаж, халаагаа намынхаа дарга
Ресеп Тайип Эрдоганд шилжүүлсэн.
Тэгвэл 2007 оны наймдугаар
сарын 28-наас Ерөнхийлөгчөөр
сонгогдон ажиллаж, халаагаа
мөн л Ресеп Тайип Эрдоганд
шилжүүлэх гэж байна. Ресеп
Тайип Эрдоган өнгөрсөн хугацаанд
Туркийн Ерөнхий сайдаар
гурав дахь удаагаа дараалан
сонгогдон ажиллаж байсан бөгөөд
хугацаанаасаа нэг жилийн өмнө
энэхүү албан тушаалаа шилжүүлэх
гэж байна. Нөгөөтэйгүүр Туркийн
дараагийн Ерөнхий сайдын албан
тушаалын төлөөх өрсөлдөөн эдгээр
өдөр ширүүсч эхэллээ. Гэхдээ
Туркийн төрийн эрхийг гартаа
барьж байгаагийн хувьд Ресеп
Тайип Эрдоган нэгэнт бүрдүүлсэн
өөрийн Засгийн газрыг намынхаа
гишүүнээр толгойлуулах хүсэлтэй
байна. Туркийн Ерөнхийлөгчийн
эрх мэдлийг ирэх таван жилийн
хугацаанд өндөрт өргөх Ресеп
Тайип Эрдоган төрийн тэргүүнийг
илүү хүчтэй болгохыг хүсч
байгаагаа нуугаагүй юм. Харин түүний өрсөлдөгчид эрх баригчдын
эрх мэдэл ихсэхээс эмээж байна.
Одоогоор Ерөнхийлөгчийн эрх
мэдэл ёс төдий зүйл байгаа бөгөөд
Ресеп Тайип Эрдоган үүнийг
өөрчилж, барууныг дэмжсэн
бодлого баримталдгийнхаа хувьд
өрнөдийнхөн шиг Ерөнхийлөгчийн
засаглалтай болгох эхлэл
тавина гэж үзэж байна. Ресеп
Тайип Эрдоган энэ сарын 28-нд
Ерөнхийлөгчийн тангараг өргөхтэй
зэрэгцэн Ерөнхий сайд болон
Шударга ёс, хөгжлийн намын
даргыг сонгох асуудал тулгарна.
Ажиглагчдын хэлснээр, энэ хоёр
албан тушаалыг нэг хүн хаших агаад
тэрбээр Ресеп Тайип Эрдоганы
хянаж чадах хэн нэгэн байх аж.
Ардчилсан зарчмаар явагдсан энэ
удаагийн сонгуульд Шударга ёс,
хөгжлийн намын өрсөлдөгчдөд
боломж байсан бөгөөд тиймдээ ч
Ресеп Тайип Эрдогантай эн тэнцүү
шахам өрсөлдсөн Лалын хамтын
ажиллагааны байгууллагын ерөнхий
нарийн бичгийн дарга Экмеледдин
Ихсаноглуг түүнээс олон буюу
14 нам дэмжин оролцсон. Тэгвэл
Ресеп Тайип Эрдоганыг түүний нам
болон Эх газрын нам дэмжиж, ердөө
хоёрхон нам арыг нь даав. Харин
Туркээс салан тусгаарлахаар үе үе
тэмцэл явуулдаг курд үндэстний
төлөөлөл Селахаттин Демирташийг
есөн нам дэмжин оролцжээ.
Тэгвэл есөн нам дээрх гурван нэр
дэвшигчийн аль алиныг дэмжээгүй
байна. Ерөнхийдөө энэ сонгууль
урьдчилсан судалгааны дүнгээс бараг зөрөөгүй бөгөөд зургадугаар
сарын 23-наас наймдугаар сарын
6-ны хооронд 14 байгууллагын
давхардсан тоогоор 19 судалгааны
дунджаар 53.1 хувийн санал авсан
бол Экмеледдин Ихсаноглу 36.7,
Селахаттин Демирташ 8.3 хувийн
санал авч байв. Тэгвэл хилийн чанад
дахь сонгогчид болон хил гааль
дээрх санал хураалт тун хангалтгүй
болж сонгогчдын ердөө 8.5 хувь нь
саналаа өгсөн байна. Албаныхны
хэлснээр, тус улсын гадны 54 оронд
оршин суугаа 2.8 сая орчим хүнээс
санал авах ажиллагаа долдугаар
сарын 31-нээс наймдугаар сарын
3-ны хооронд болж өнгөрөхөд ердөө
232 мянган хүн саналаа өгчээ.
Албаныхан тэднийг сонгуульд
идэвхтэй оролцуулахын тулд
103 консулын газарт санал авсан
байна. Харин хил гааль дээрх санал
хураалт буюу сонгуулийн өмнө
гадны орныг зорьж буй иргэдээс
санал авах ажиллагаа долдугаар
сарын 26-нд эхэлж наймдугаар
сарын 10-нд дуусчээ. Энэ санал
хураалтад иргэд бүрэн оролцсон
бөгөөд 152 мянган хүн саналаа
өгсөн байна. Дашрамд дурдахад,
Ресеп Тайип Эрдоганы өрсөлдөгчид
түүний ялалтыг хүлээн зөвшөөрч,
сонгуулийн дүнтэй санал нэгдэж
буйгаа илэрхийлсэн. Нөгөө талаас
Турк нь дэлхийн халуун цэг болоод
буй Украин, Сири, Ирак дунд оршдог
ч дотоодын аюулгүй байдлаа бүрэн
хангаж бүс нутаг дахь байр сууриа
улам бэхжүүлсээр байгаа нь яах
аргагүй Ресеп Тайип Эрдоганы
ач гавьяа. Ямартай ч сүүлийн
жилүүдэд түүний нэр хүнд дотоод ч
тэр гадаад ч тэр хурдан өсч байна.
Харин Туркийн Ерөнхийлөгчөөр
ажиллах хугацаандаа энэ байр
сууриа улам бэхжүүлэх эсэхийг
харах л үлдлээ.Э.Төгсжаргал

Сэтгэгдэл (0)