Австрали, Япон улс цэргийн технологийн салбарт хамтран ажиллана

Батлан хамгаалахын экспортын хоригоо багасгаж, цэргийн салбарын төсвөө нэмэгдүүлэхээр ажиллаж буй Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй Австралийн тал цэргийн шинэ технологийн салбарт хамтран ажиллах санал тавилаа. Батлан хамгаалах салбарын хөгжил, цэргийн хүчээ эрс сайжруулахаар болсон Японоос Австрали улс цэргийн шинэ технологи худалдан авахыг хүсч байгаа бөгөөд үүний хүрээнд Шинзо Абэтэй Японоос шумбагч хөлөг онгоцны технологи авах асуудлаар хэлэлцсэн байна. Австралийн Батлан хамгаалахын сайд Дэвид Жонстон өнгөрсөн лхагва гаригт “Блумберг”-т өгсөн ярилцлагадаа “Япон улс Үндсэн хуулиа өөрчилж батлан хамгаалахын экспортоо сэргээж байна. Бид энхийг сахиулахад Японтой маш олон зүйл хийхээр төлөвлөж байна. Технологи солилцоо цэргийн салбар дахь бидний харилцааг шинэ төвшинд гаргах болно” гэж хэлжээ. Япон улс сүүлийн үед Өмнөд Хятадын тэнгис дэх арлын эзэмшлийн асуудлаар Бээжинтэй ширүүн маргаж байгаагийн улмаас цэргийн салбарынхаа хөгжил болон боловсон хүчинд анхаарахаар болсон юм. Харин Австрали улс Японтой адил АНУ-ын холбоотон учраас Токиотой цэргийн салбарт хамтран ажиллахыг хүсч байна. Нөгөөтэйгүүр Япон улс ч Австралитай хамтрахдаа дуртай байх нь тодорхой. Австрали улс Японы адил цэргийн салбарынхаа багтаамжийг нэмэгдүүлэхээр ажил- лаж эхэлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд Японыг АНУ-ын дараах хоёр дахь том зэвсгийн түншээр сонгожээ.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)