НҮБ-ын аюулгүйн зөвлөл Иракийн ерөнхий сайдын томилгоог баталгаажуулав

Иракт эдийн засаг сайжрахгүйн дээр дотоодын тэмцэл хурцадсаны улмаас Ерөнхий сайд Нури аль-Маликийн Засгийн газрыг огцруулж оронд нь Хайдар аль-Абадийн нэр дэвшүүлжээ. Иракийн Ерөнхийлөгч Фоуад Маасум АНУ-ын дэмжлэгтэйгээр барууныг дэмжигч Нури аль- Маликийг огцруулахыг Хайдар аль-Абадийг нэр дэвшүүлэлтээр баталсан ч Нури аль-Малики үүнийг эсэргүүцэж, Хайдар аль-Абадийн томилгоог хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “Үндсэн хууль зөрчсөн” хэмээн Дээд шүүхэд ханджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Иракийн нийслэл Багдад хотод айлчлах үеэрээ Нури аль-Малики болон Фоуад Маасумтай уулзаж тус улсын Засгийн газрыг нэн даруй огцорч шинэ Засгийн газар байгуулах хэрэгтэй гэж мэдэгдсэн юм. Гэсэн ч барууныг дэмжигч Нури аль-Малики өөрийн хүсэлтээр огцроогүйн улмаас Фоуад Маасум өнгөрсөн даваа гаригт шийтийн парламентын хамгийн том нам “Үндэсний холбоо”-ноос Хайдар аль-Абадийг Ерөнхий сайдын албан тушаалд албан ёсоор нэр дэвшүүлж байгаагаа зарлажээ. Харин үүнээс хоёр өдрийн дараа буюу өнгөрсөн лхагва гаригт НҮБ- ын Аюулгүйн зөвлөл түүний энэ томилгоог баталгаажуулж, дэмжиж буйгаа илэрхийлэв. Үүнээс өмнө Хайдар аль-Абадийг Ерөнхий сайдын албан тушаалд томилохыг АНУ, Европын холбоо, Иран, Саудын Араб, Турк дэмжиж, Арабын лиг буюу бүх Арабын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Набил аль-Араби “Арабын лиг Хайдар аль-Абадийг дэмжиж байна” гэж мэдэгдсэн юм. Ямартай ч Иракт нийгмийн бүх салбарт төлөөллөө шингээсэн шинэ Засгийн газар яаралтай байгуулахаар болж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн баталгаажуулалт энэ Засгийн газрыг байгуулахад чухал алхам боллоо. Энэ зуур Саддам Хуссейний үед Засгийн эрхийг барьж байсан үндэсний олонхи суннитууд цөөнх шийтүүдийг барууны дэмжлэгтэйгээр Засгийн эрх барих болсныг эсэргүүцэж, цуврал халдлага дайралт зохион байгуулсаар эцэст нь үндэсний хэмжээний том бослого дэгдээж Иракийн хойд хэсэг болон хил залгаа Сирийн зарим нутгийг эзлээд буй Лалын улс /өмнөх нэр нь Ирак, Левантын лалын улс/ гэгчийг байгуулаад байгаа юм.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)