
Бразилийн Ерөнхийлөгчийн
сонгуульд нэр дэвшигч онгоцны
ослоор амь үрэгдсэний дараа
тус улсын Ерөнхийлөгч,
хатагтай Дилма Руссеф гурван
өдрийн гашуудал зарлалаа.
Ерөнхийлөгчийн сонгууль ирэх
аравдугаар сарын 5-нд болох
бөгөөд сөрөг хүчин болох
Социалист намаас нэр дэвшигч 49
настай Эдуардо Кампос өнгөрсөн
лхагва гаригт амиа алджээ.
Бразилийн Ерөнхийлөгч Дилма
Руссеф түүний ар гэрийнхэнд
эмгэнэл илэрхийлж, гурван
өдрийн гашуудал зарлахын
сацуу сонгуулийн кампанит
ажлын бүх үйл ажиллагааг энэ
гурван өдөр зогсоохоо мэдэгдсэн
байна. Эдуардо Кампос төрсөн
өдөр /1965-08-10/-ийн баяраа
тэмдэглэснээс гурван хоногийн
дараа бага оврын “Cessna 560XL”
онгоцтой Сан-Паулу мужийн
далайн эргийн Сантос хотод цаг
агаарын таагүй байдлын улмаас
осолдож амиа алдсан бөгөөд
онгоцонд түүнээс гадна таван
хүн явж байжээ. Тодруулбал,
хоёр нисгэгч, Эдуардо Кампосын
хувийн жолооч, сэтгүүлч, зурагчин
байсан ба бүгд амиа алдсан байна.
Харин түүнтэй хамт Социалист
намаас Ерөнхийлөгчийн сонгуульд
өрсөлдөж, дэд Ерөнхийлөгчид нэр
дэвшигч Марина Силва онгоцонд
суугаагүй байна. Хэрвээ Социалист
нам зөвшөөрвөл хатагтай Марина
Силва Эдуардо Кампосын оронд
Ерөнхийлөгчид нэр дэвших
аж. Дашрамд дурдахад, нэгэн
үе Пернамбуко мужийн амбан
захирагчаар ажиллаж байсан
Эдуардо Кампос нь Бразилийн
Социалист намын дарга байсан
бөгөөд одоо энэ намын даргын
албан тушаал эзэнгүй болжээ.
Тиймээс намын даргаар сонгогдсон
хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр
дэвших бололтой. Мөн урьдчилсан
судалгаагаар Эдуардо Кампос
Ерөнхийлөгчийн сонгуульд найм
орчим хувийн санал авах тооцоо
гарч байжээ.
Сэтгэгдэл (0)