Барак Обама: АНУ-ын аюулгүй байдалд заналхийлбэл “Исламын улс” бүлгийг бөмбөгдөнө
- 2014-08-20
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак
Обама улс орны үндэсний аюулгүй
байдалд заналхийлсэн тохиолдолд
Ирак дахь “Исламын улс” бүлгийн
босогчдын байрыг бөмбөгдөхөө
мэдэгдсэн билээ. “Исламын улс”
гэгчийг суннитын хэт даврагчид
байгуулсан ба Иракийн хойд хэсэгт
ноёрхлоо тогтоожээ. Тэд өнгөрсөн
зургадугаар сард Иракийн армид
ширүүн цохилт өгч Мосул хотыг
эзэлсэн юм. Мосул хот улсдаа
томд орох худалдаа, үйлдвэрийн
төв байв. Ийнхүү хэдхэн сарын
дотор “Исламын улс” бүлгийн
хэт даврагчид нутгийн иргэдийн
аюулгүй байдалд заналхийлэх
болжээ. Иракт исламын хэт
үзэлтнүүд болон цэргүүдийн
хооронд ширүүн мөргөлдөөн
гарсаар байгаа. Исламын
босогчдын улмаас ууланд
шахагдсан Иракийн цөөнхийн
төлөөлөл болсон энгийн иргэд
хүнд байдалд байгаа юм.
Тэдэнд АНУ-ын нисэх хүчин
агаараас ус, хоол хүргэсэн байна.
Мөргөлдөөнөөс зугтсан олон
мянган хүн хойд Иракийг буюу
Күрдистаныг зорин дүрвэсээр
байна. Ирак Дамаскийн Исламын
улсын босогчид Ирак дахь
цөөнхийг устгах уриалга гаргасан.
Тэд Иракт 2000 жил амьдарсан
Христийн шашинтнуудын хотыг
бөмбөгдөн, газартай нь тэгшилсэн
юм. Иймд Иракийн эрх баригчид
АНУ-аас дэмжлэг хүсчээ. Ийнхүү
Иракийн гэм зэмгүй иргэдэд туслах
амлалтыг АНУ өгсөн юм. АНУ-
ын цэргүүд Иракийн босогчдод
гурван удаа агаарын цохилт өгсөн
билээ. Энэхүү агаарын цохилтыг
Ерөнхийлөгч Барак Обама “Үй
олноор нь хөнөөх үйл ажиллагааны
эсрэг хийж буй хариу арга хэмжээ”
хэмээн нэрлэсэн удаатай. АНУ-ын
Ерөнхийлөгч Б.Обама энэ сарын
8-ны өдөр “Нью-Йорк таймс”
сонинд Иракт өрнөсөн асуудлын
талаар ярилцлага өгсөн байна.
Тэрбээр ярилцлагадаа “АНУ
Иракийн нутагт агаараас дайралт
хийж, чухал үүрэг гүйцэтгэж байна.
Харин Хятад улс өнгөрсөн 30 гаруй
жилийн турш олон улсын аюулгүй
байдлын талаар дорвитой алхам
хийсэнгүй” гэжээ. Улс төр судлаач,
шинжээчид Ерөнхийлөгчийн яриаг
“Шударга бус, буруу ойлголт өгч
байна” хэмээн шүүмжилсэн юм.
“Исламын улс” бүлгийн босогчид
энэ сарын 15-нд буюу өнгөрсөн
баасан гаригт Иракийн хойд хэсэгт
80 орчим курд иргэнийг хөнөөжээ.
Энэхүү асуудлаар өчигдөр
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама
туслахуудтайгаа зөвлөлджээ.
Зөвлөлгөөний эцэст Нэгдсэн
улсын Конгрессын даргад захидал
бичжээ.
Уг захидалд “Би энэ сарын
14-нд би Иракийн цэргийн хүчинд
туслалцаа үзүүлэх зорилгоор
Мосулын даланг бөмбөгдөх
тушаал гаргасан. Иракийн цэргийн
хүчнийхэнд туслах энэхүү арга
хэмжээ нь газар нутгийн болон цаг
хугацааны хувьд хязгаарлагдмал
байх болно” хэмээжээ. Маш
чухал ач холбогдолтой дэд
бүтцийн объектыг Ерөнхийлөгч
Б.Обама далан гэж тодорхойлжээ.
Тэрбээр “Хэрвээ хяналтаа алдвал
Багдад дахь АНУ-ын Элчин
сайдын яам зэрэг америкчууд
олноор цуглардаг газар энгийн
номхон иргэдийн амь насанд
аюул учирч болзошгүй. Иймд
улсынхаа иргэдийн амь насыг
хамгаалахыг чухалд үзэж байна”
хэмээжээ. Мөн Б.Обама улсынхаа
гадаад бодлого, үндэсний
аюулгүй байдлыг онцолсон
байна. Түүнчлэн Б.Обама
захидалдаа Иракийн засгийн
газартай хамтарсан цэргийн үйл
ажиллагааныхаа талаар бичжээ.
Б.Обама эдгээр цэргийн арга
хэмжээний үеэр АНУ-ын хууль
тогтоомжийг даган мөрдөхөө
онцолсон байна. Уг захидлын
талаар Цагаан ордны аюулгүй
байдлын зөвлөлийн төлөөлөгч
Кейтлин Хэйдин ““Исламын улс”
бүлгийн эсрэг Иракт өрнүүлсэн
үйл ажиллагааны талаар
Конгресс зөвлөлдөж байна” гэсэн
мэдэгдлийг сэтгүүлчдэд өгөв. Мөн
тэрбээр “Энэ асуудлаар холбогдох
тайланг Конгресс гаргах болно”
гэжээ.Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)