Ангела Меркель: Украины хөгжил бидний бодлогын нэг чухал хэсэг
- 2014-08-25
- Дэлхий
- 0
Германы канцлер Ангела Меркель энэ сарын 23-ны өдөр Киев хотод нэг өдрийн албан ёсны айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд тэрбээр Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, Ерөнхий сайд Арсений Яценюк нартай уулзаж, сэтгүүлчидтэй нээлттэй уулзсан байна. П.Порошенко Германы канцлерыг “Итгэлт нөхөр, Украиныг тууштай өмгөөлөгч” хэмээн нэрлэсэн ажээ. Ангела Меркелийн Украины хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэе.
-Донецк болон Луганскт өрнөсөн эмх замбараагүй байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Эдгээр хотод өрнөсөн хямрал бол Европын бүрэн бүтэн байдалд халдсан үйлдэл гэж үзэж байна. Европын хотуудын энх тайвнаар зэрэгцэн оршин тогтнох нөхцөлийг эсэргүүцсэн үйл явдал боллоо. Тиймээс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид ийм л зарчмаар амьдардаг. Одоо Донецк болон Луганск хотод энх тайван амьдралыг бий болгохын тулд ямар алхам хийх вэ гэдэг л чухал сэдэв болоод байна.
-Орос, Украины хямралын талаар ямар байр суурьтай байна вэ?
-Украины хямралыг дээд хэмжээний уулзалт, дипломат аргаар шийдвэрлэх нь зүйтэй гэж бодож байна. Герман улс шууд цэргийн дэмжлэг үзүүлэх талаар шийдвэрлээгүй. Гэхдээ Украины муж бүрт оршин сууж буй украинчууд иргэн хүнийхээ үүрэг хариуцлагыг ухамсарлан амьдраасай гэж хүсч байна.
-Бид “Гал зогсоох ёстой” гэж олон сар ярилаа. Гэхдээ тайван замаар амьдрахад юу саад болоод байна вэ?
- Бид эцсээ хүртэл энэ дайныг зогсоохыг хүсч байна. Ерөнхийлөгч П.Порошенко үндэсний яриа хэлэлцээр, төвлөрлийг сааруулах хүч, энх тайвныг бий болгох төлөвлөгөө санал болгосон нь чухал юм. Улс орны зүүн хэсэгт өрнөсөн нөхцөл байдлыг шийдэхийн тулд Украин хил хязгаараа сэргээн хянах хэрэгтэй. Тэгэхдээ зэвсэг нийлүүлж магадгүй гэж хэт сэрэмжилж хилээ хаах хэрэггүй л болов уу гэж бодож байна.
-Та энэ сарын 26-нд Минск хотод болох хэлэлцээрт ямар байр суурьтай байх вэ?
-Минскийн хэлэлцээрт Германы тал Украиныг дэмжих болно. Би Минск хотноо болох энх тайвны хэлэлцээрийг дэмжих бүхий л хүчин чармайлтыг гаргана. Бид Украины Ерөнхийлөгч, Засгийн газартай хамт байж дипломат шийдэлд хүрэхийн тулд бүхнийг хийх болно. Ядаж л нэг алхам урагшлахыг хүсч байна. Гэхдээ бид бүх талууд Украины бүрэн бүтэн байдал, нутаг дэвсгэрийг хүлээн зөвшөөрсөн шийдэлд хүрэх арга замыг хайх болно.
-Донецк мужийн шинэ бүтээн байгуулалтад зориулж тусгай сан байгуулах болсон гэсэн. Энэ талаар тодруулж болох уу?
-Германы Засгийн газар Донецкт 500 сая еврогийн тусламж үзүүлнэ. Мөн Украины дүрвэгчдэд 25 сая еврогийн тусламж үзүүлэхээр төлөвлөсөн. Тусгай санг ирэх сараас эхлэн байгуулж үйл ажиллагаа явуулах болно.
-Та айлчлалынхаа зорилгыг тодруулж болох уу?
-Миний айлчлал нь Холбооны Засгийн газрыг төлөөлж өөрийн биеэр Украин нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харуулахыг зорьсон. Украины хөгжил бол бидний бодлогын нэг чухал хэсэг юм.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (1)
(103.26.193.10)
xudlaa ***** ta nar ukrainiig xuvaaj avax dald sanaatai