Шотланд Их Британиас туурга тусгаарлах уу
- 2014-09-05
- Дэлхий
- 0
Шотланд улс энэ сарын 18-ны өдөр ард иргэдийнхээ дунд бүх нийтийн санал асуулга явуулж, иргэд нь “Их Британиас өрх тусгаарлахыг дэмжиж байна уу” гэсэн асуултад хариулна. Санал асуулгад оролцсон иргэдийн олонхи нь “тийм” гэсэн хариу өгсөн тохиолдолд Шотланд улс 2016 оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс Их Британийн Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүнээс гарна. Энэ нь Шотланд Их Британийн бүрэлдэхүүнд орсноос хойш 300 жилийн хугацаанд анх удаа болж буй тун содон үйл явдал бөгөөд Шотландын үндэсний намын /ШҮН/ хүчин зүтгэлийн үр дүнд ийм санал асуулга болох боломжтой болжээ. Байгуулагдаад 80 жил болж байгаа хэрнээ үндсэрхэг үзэлтэй хэмээн адлагдаж, иргэдийн дэмжлэг авч чаддаггүй байсан ШҮН өдгөө Шотландад нэлээд нөлөө бүхий улс төрийн хүчин болж чадсан байна. Ирэх 18-нд болох бүх нийтийн санал асуулгад ШҮН ялагдсан ч гэсэн тус намын нэр хүнд Шотландад улам бэхжих нь гарцаагүй гэж улс төр судлаачид дүгнэжээ. Тухайлбал, Шотландын улс төрийг судалдаг Г.Хассан “Тэд маш бага хувийн саналаар ялах боломжтой эсвэл нэлээд олон санал авснаар холбооны улс маань хуучин шигээ оршин тогтнох боломжгүй болно” хэмээн дүгнэжээ. Улс төр судлаачид ШҮН нь улс төрийн хүрээнд олны дэмжлэг авахын тулд “Том шүхэр” хэмээх бодлого баримталж, нийгмийн асуудлуудад зүүн төвийн, эдийн засгийн хүрээнд баруун төвийн байр суурь баримталдаг гэж дүгнэдэг. Тухайлбал, Шотландын парламент дахь эрх мэдлээ ашиглан ахмадуудад эмчилгээ асаргааг үнэ төлбөргүй болгох зэрэг ниймийн халамжийн бодлого явуулж байгаа аж. Иймэрхүү харилцан зөрчилдөөнтэй бодлого бүхий сонгогчдоо нэгтгэж чадаж байгаа нь тус намын тэргүүн Лекс Салмондын гавьяа гэж улс төр судлаачид үздэг. Тус намыг гол төлөв өндөр боловсролтой дундаж ангийн иргэд ба ахмадуудын дунд дэмжлэг авч чадсан байна. Шотландыг тусгаар улс болгохын төлөө байр суурьтай иргэдийн тоо энэ сарын 18-нд болох бүх нийтийн санал асуулга ойртох тусам нэмэгдэж байгааг “YouGov” олон нийтийн санал асуулгын байгууллагаас өчигдөр мэдээлжээ. Уг санал асуулгыг өнгөрсөн наймдугаар сарын 28-аас энэ сарын 1-ний өдөр явуулсан байна. Уг мэдээллээс үзэхэд Шотландын нийт иргэдийн 47 хувь Шотландыг тусгаар тогтносон улс болгохын төлөө байгаа бол 53 хувь нь эсрэг байр суурьтай байгаа гэнэ. Гэтэл өнгөрсөн наймдугаар сарын эхэнд Шотландыг тусгаар улс болгохын төлөө санал өгөх эрхтэй иргэдийн ердөө 39 хувь, үлдсэн 61 хувь нь эсрэг саналтай байж. Их Британийн эрх баригчид шотландчууд санал асуулгад тусгаар улс болохын төлөө санал өгөхгүй гэж үзэхгүй байгаа тул Шотландын иргэд асуулгад “тийм” гэж хариулсан тохиолдолд хэрхэх тухай тусгай арга хэмжээ төлөвлөөгүй байна. Үүний оронд Их Британийн эрх баригчид Шотланд тусгаар улс болсон тохиолдолд цугтаа байснаас илүү хохиролтой болохыг байнга сануулж байгаа юм. Мөн Европын холбооны удирдлагууд Шотланд тусгаар улс болсон хэрнээ паундыг ашиглаж мөнгөн тэмдэгтээ өөрсдөө хянаагүй тохиолдолд Европын холбоонд элсэх боломжгүй гэдгийг мэдэгджээ. Энэ тохиолдолд Панама улс америк долларыг өөрийн мөнгөн тэмдэгт болгон ашигладаг шиг “Паундыг ашиглах уу эсвэл Европын холбоонд элсэх үү гэдгийг сонгох хэрэгтэй болно” хэмээн ухуулж байна. Учир нь сүүлийн өдрүүдэд Шотланд тусгаар тогтносон тохиолдолд ямар мөнгөн тэмдэгт хэрэглэх вэ гэсэн асуудал улс төрийн хүрээнд олны анхаарлыг татаж байна.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (0)