Энэтхэг, Японтой стратегийн холбоо байгуулна
- 2014-09-06
- Дэлхий
- 0
Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди энэ долоо хоногт Японд айлчилж, Японы Ерөнхий сайд Абэтэй хэлэлцээр хийжээ. Тэд Япон, Энэтхэг хоёрын хооронд стратегийн хэлэлцээрийг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргаж, хамтран ажиллахын давуу талыг дэлхийн хэмжээнд харуулахыг зорьжээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хоёр орны харилцааны талаар “Энэ харилцаа нь дэлхийн хэмжээнд ихээхэн боломж агуулсан. Бид тэдгээрийг олон чиглэлээр улам ахиулах болно” гэжээ. Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Моди хариуд нь “Япон улс дэлхийн тавцанд дээгүүр байр суурь эзэлдэг” гэжээ. Н.Моди Ерөнхий сайд болсноор Энэтхэгт сүүлийн 10 жилийн турш эрх барьсан улс төрийн хүчин халаагаа өгсөн. Шинэ Ерөнхий сайд албан тушаалаа авсныхаа дараа гадаад айлчлал хийх анхны орноор Японыг сонгосон нь энэ орныг хэр хүндэтгэн үзэж байгааг харуулсан хэрэг. Н.Моди Энэтхэгийн баруун хэсэг дэх Гужарат мужийн захирагчаар ажиллаж байх үеэс л Японы компаниудтай хамтран ажиллаж, Япон оронд маш элгэмсэг ханддаг байж. Хоёр орны удирдагчид аюулгүй байдлын салбарт харилцаагаа хөгжүүлж, Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарын төвшинд харилцан яриа зохион байгуулж, хоёр орны тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилт зохион байгуулахаар болжээ. Энэтхэгийн далайгаар Ойрхи Дорнодын орнуудаас газрын тос тээвэрлэдэг тул Японы хувьд нэн чухал тээврийн зам энэ бүс нутгаар өнгөрдөг. Стратегийн хувьд энэхүү тээврийн замын аюулгүй байдлыг хангахын тулд Энэтхэгтэй цэргийн салбарт хамтран ажиллах нь зайлшгүй. Харин Хятад Зүүн Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгисийг өөрийн ашиг сонирхлын бүс гэж үзэхээс гадна Энэтхэгийн далайд хяналтаа тогтоохыг зорьж байгаа. Харин Энэтхэгийн тал Бээжингийн энэ төлөвлөгөөнд нэлээд болгоомжлонгуй хандаж, Хятадыг тогтоон барихад туслах холбоотон хэрэгтэй болсон. Ийм нөхцөлд Энэтхэг, Япон хоёр хамтран ажиллах нь аль аль талдаа ашигтай. Энэ хоёр орон аль аль нь дангаараа Хятадыг тогтоож барьж дийлэхгүй. Энэтхэг, Япон хоёр стратегийн шинж чанартай энэхүү холбоонд АНУ-ыг татан оруулж, Хятадын талыг олон улсын хууль дүрмийг биелүүлэхэд хүргэж, аливаа зөрчил маргааныг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэх тогтолцоо бий болгох шаардлага тулгарсан. АНУ ч гэсэн энэ чигэлэлээр нэлээд идэвхтэй ажиллаж байна. Эдийн засгийн хүрээнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Энэтхэгийн иргэний салбарт ирэх таван жилийн хугацаанд 3.5 их наяд иен буюу 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгджээ. Үүнээс гадна Энэтхэгийн зах зээлд нэвтэрч, шууд хөрөнгө оруулалтынхаа хэмжээг даруй хоёр дахин өсгөх зорилт тавьснаа зарласан. Энэтхэгийн шинэ Ерөнхий сайд сонгуульд ялалт байгуулахдаа улсынхаа эдийн засгийг шинэчлэх тухай амлалт өгсөн ба Японтой эдийн засгийн салбарт дахь харилцаагаа улам бэхжүүлэхийг зорьж байна. Нийт 1.2 тэрбум хүн амтай Энэтхэгийн зах зээл нэлээд ирээдүйтэй боловч Японы бизнес эрхлэгчид Энэтхэгийн хууль эрх зүйн тогтолцоо дэндүү ярвигтай гэж үнэлдэг. Энэ байдлыг засахын тулд хоёр орны удирдлага хамтран ажиллах хэрэгтэй хэмээн хоёр талын мэргэжилтнүүд үзжээ. Энэ айлчлалын хүрээнд Шинзо Абэ Энэтхэгт хурдны төмөр замны сүлжээ барихад зориулж, 50 тэрбум иений зээл олгохоор болсноо зарласан юм. Тэрбээр Японы хурдны замын системийг Энэтхэгт нэвтрүүлэхэд санхүү, технологийн дэмжлэг үзүүлэх талаар өөрийн үзэл баримтлалыг олон нийтэд толилуулсан аж. Н.Моди удахгүй Дели хотноо Хятадын удирдагч Си Зиньпинийг хүлээн авах бө үүнээс хоёр долоо хоногийн дараа Вашингтонд айлчилна. Энэ сар Энэтхэгийг шинэ Ерөнхий сайдын хувьд гадаад бодлогоо тодорхойлох нэн чухал сар болно.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (0)