Шотландчуудын ихэнх нь улсаа тусгаар тогтнохыг дэмжив
- 2014-09-08
- Дэлхий
- 0
Шотландыг Их Британийн Вант улсаас тусгаар тогтнохын төлөө байр суурьтай иргэдийн тоо эсрэг саналаас тэргүүлж эхэлжээ. Үүнийг “Sunday Times” сонины захиалгаар “You- gov” судалгааны албанаас хийсэн дүн харуулсан байна. Уг судалгааны дүнгээс үзэхэд шотландчуудын 51 хувь нь тусгаар тогтнолын төлөө, 49 хувь нь эсрэг байрь суурьтай байгаа бол нэг сарын өмнө тусгаар тогтнолын эсрэг саналтай иргэдийн тоо 22 хувиар илүү байжээ. Гэхдээ энэ санал асуулгад одоогоор байр сууриа тодорхойлж чадаагүй иргэдийг харгалзаагүй гэнэ. Бүх нийтийн санал асуулгыг Шотландын үндэсний намаас санаачлан ажил хэрэг болгож чадсан ба тус намынхан 2007 оноос хойш Шотландын парламентад олонхийн суудал эзэлж байгаа юм. Шотландыг тусгаар улс болгохын төлөө тэмцэгчид “Шотландад тийм гэж хэлье” уриан дор ухуулга хийж байгаа бол эсрэг байр суурьтай улс төрийн хүчнүүд “Хамтдаа илүү” гэсэн уриан дор үйл ажиллагаа явуулж байна. Тусгаар тогнолын төлөө тэмцэгчид сүүлийн үед дэмжигчдээ нэмж чадсан нь залуусыг татаж чадсантай холбоотой гэнэ. Тэд нийгмийн салбарт зүүний байр суурь баримталж, Үндсэн хуульдаа дээд боловсрол олж авах, ажил эрхлэх эрхийг баталгаажуулж өгөх ёстой хэмээн иргэдэд ухуулж байна.
Д.МӨНХБОЛД

Сэтгэгдэл (0)